“Сайдын цаг” уулзалтад Ц.Оюунбаатар оролцлоо

img

Гэрэл зургийг MPA.MN

 

“Сайдын цаг”-аар Шадар сайд Ц.Оюунбаатар болон ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга  С.Ламбаа нар оролцож мэдээлэл хийв.

 

Салбарын удирдлага, албан хаагчид  21 аймаг, 360 гаруй сумаар өвөлжилтийн бэлтгэл ажил, өвөлжилт, цас зудны байдалтай танилцаад ирсэн байна. Одоогийн байдлаар нийт нутгийн  90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, 50 суманд зудын байдалтай байгаа аж. Цаашдаа 20-40 суманд нэмж зуд болох магадлалтай байгаа аж.

 

Шадар сайд Ц.Оюунбаатар  мэдээлэлдээ:

 

-Энэ жил улсын нөөцийн өвсийг 100 хувь бэлтгэж аймаг орон нутгуудад хүргэсэн байна. Хүндэрч болзошгүй байгаа аймаг, сумдын малчдад 2012, 2013 онд бэлтгэсэн өвсийг  үнэ төлбөргүй,  2014 онд бэлтгэсэн өвсийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох Засгийн газрын шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор ЭМСЯ-наас  зудтай байгаа алслагдсан аймаг сумдад хүргэсэн. Мөн онцгой комиссын хуралдаанд түрэгний машин шаардлагатай байгаа 15 суманд машин олгох хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг Засгийн газарт тавьсан. 2016 оныг Хэрэглэгчийн жил болгон зарлалаа. Монгол төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, шуурхай, ил тод, хүнд сурталгүй, авлигагүй болгох зорилт Засгийн газраас дэвшүүлсэн. Мөн Хэрэглэгчийн төлөө хуулийг Европын холбооны стандартын дагуу боловсруулж энэ оны эхний улиралд өргөн барихаар төлөвлөж байна. Эрүүл, мэнд спортын салбарын үйл ажиллагаа хэвийн явж байна. 2015 онд эрүүл, мэнд спортын салбар хамгийн олон хууль боловсруулж УИХ-аар батлуулсан. Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд эрүүл мэндийн шалгуур үзүүлэлтийг бүрэн биелүүлсэн дэлхийн найман орны нэг болсон. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг эрс бууруулж, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн байгууллагуудад олгох санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлсэн. Оны өмнө эмийн өрийг цэгцэлж эрүүл мэнд, спортын салбар өргүй гарсан. Улсын нэгдүгээр төв эмнэлэг дээр цахим эрүүл мэндийн төслийн нээлт өнөөдөр боллоо. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээ, бүртгэл цахимжиж эрүүл мэндийн салбар олон улсын төвшинд хүрнэ. Энэ ондоо багтааж бүх аймагт цахим төслийг хэрэгжүүлнэ. 20 орчим сая ам.долларын өртөгтэй том төслийг Монгол Улс хэрэгжүүлж байна. Өнгөрсөн оны сүүлийн хоёрдугаар сард эрүүл мэндийн салбарын сахилга, хариуцлагыг сайжруулах сайдын тушаал гарч, байнгын хяналт хийн ажиллаж байна. Эмч, эмнэлгийн байгууллага өөрсдийнхөө ажлыг тодорхойлох биш үйлчлүүлж байгаа иргэд авч байгаа үйлчилгээ эмчилгээгээ дүгнэх юм. Энэ он олимпын жил. Олимпид оролцох Монголын тамирчид төрийн дууллаа эгшиглүүлж, амжилттай оролцоосой гэдэг үүднээс бэлтгэлдээ гаран ажиллаж байна гэлээ. Харин ЭМСЯ-ны Төрийн нарийн бигийн дарга С.Ламбаа:

 

-2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан үйл ажиллагааны хэрэгжилт бидний ойрын хугацаанд тусгасан хамгийн гол зорилго асуудал гэж үзэж байна. Оны өмнө Харвони эмийг эмчилгээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. 1150 хүн эмчилгээнд орлоо. Энэ бол том ажлын эхлэл. Мөн цахим эрүүл мэнд хөтөлбөр бол нэлээд цаг хугацаа алдаж байгаа. Эмнэлгүүдийг компьютерээр хангах ажил эхэлсэн. Одоогоор Улсын клиникийн төв эмнэлэгт 285 компьютер нийлүүлсэн. Энэ бол тус эмнэлгийн бүх тасаг нэг төрлийн компьютераар хангагдаад сүлжээнд холбогдож байна гэсэн үг. Бас нэг асуудал бол программчлалын асуудал байна. Программчлалыг хийснээр нийслэлийн эмч нар хөдөө орон нутгийн эмч нартай холбогдож болно гэсэн үг юм.

 

Эрүүл мэндийн салбарт хамгийн гол анхаарал татсан асуудал бол шилэн данс. Үүнийг эмнэлгийн байгууллага олон нийтэд харуулах зорилтыг дэвшүүлсэн, одоогоор зохион байгуулалтын ажлыг хийж байна хэмээн мэдээлэв. Ийнхүү тэд  мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Баригдаж дуусаагүй царцсан эмнэлгийн барилга  хэд байна вэ?

 

ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа:

 

-Эмнэлгийн барилгын асуудлыг Шадар сайд, Ерөнхий сайдтай бид гурав хамт зөвлөлдсөн. Хамгийн тулгамдаж байгаа асуудал бол Яармагт баригдаж байгаа 300 ортой эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Хоёрдугаар эмнэлгийн хашаанд баригдаж байгаа Үндэсний оношлогооны төв, Төрийн албан хаагчдын эмнэлгийн барилгын асуудал байна. Эдгээр асуудлыг гуравдугаар сарын 1-ны дотор шийдвэрлэх үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн. Тиймээс холбогдох хүмүүстэй уулзаж байгаа. Яармагийн барилгын хувьд концессийн гэрээгээр хийхээр сонгон шалгаруулалтыг явуулсан. Гэтэл үнэ өртөгийн байдлаас болоод тухайн компани гэрээгээ цуцлах асуудлыг ярьж байгаа учир сайдтай ярьж байгаад өөрөөр шийднэ. Ер нь заавал концессийн гэрээгээр шахахаас илүү нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй ярьж байгаад нийслэлд шилжүүлж ашиглалтанд оруулах талаас нь ярина. Төрийн албан хаагчдын эмнэлгийн барилгыг концессийн гэрээгээр хийхээр болсон. Одоогоор явц удаашралтай байна. Тиймээс нэгдүгээр эмнэлгийн удирдлагуудтай уулзаж ойрын хугацаанд шийдвэрлэх талаас нь ярилцана. Түлэнхийн төвийн хувьд энэ оны улсын төсөвт тодорхой хэмжээний мөнгө суулгасан. Энэ хавар гэхэд сууриа тавина. Үндэсний оношилгооны хувьд барилгын гүйцэтгэлийг Солонгосын компани хийхээр болсон. Гэвч мөн л ялгаа байхгүй зөрчилтэй байгаа.

 

-Улсын эмнэлэг удирдлагыг хэзээ шийдвэрлэх бол?

 

Шадар сайд Ц.Оюунбаатар:

 

-ЭМСЯ-ны   харьяа улсын төв эмнэлгийн удирдлагууд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа зүйл бий. Манай яамны Төрийн албаны салбар зөвлөл бүрдэж байгаа. Үүний дараа сонгон шалгаруулалт хийгээд явна.

 

-Г.Шийлэгдамба батлан даалтанд гарсан. Түүнийг ажлаа үргэлжлүүлнэ гэж зарим хүмүүс үзэж байна. Энэ боломжтой юу?

 

-Хэдийгээр сайдгүй байгаа ч эрүүл мэндийн салбарын сахилга хариуцлага дээшилсэн. Г.Шийлэгдамбатай холбоотой асуудлыг Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд шийднэ. Өөр хэн нэгний эрх хэмжээний асуудал биш.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ