Цэргүүдтэй 90 минут хэлэлцээр хийж, баривчлах ажиллагааг аюулгүй явуулжээ

Сэлэнгэ аймаг дахь Хилийн цэргийн ... дугаар ангийн байлдагчид хилийн манааны үүрэг гүйцэтгэж байхдаа оргож, зэвсэг, тээврийн хэрэгсэл ашиглаж зугтсныг Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид шуурхай, мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж саатууллаа.
Нэгдүгээр сарын 6-ны лхагва гарагийн 11:50 минутад “Хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан байлдагчид манаанаас бууж ирээгүй байна. Оргосон байж болзошгүй. Тэд тус бүртээ 25 ширхэг сумтай АКМ байлдааны галт зэвсэгтэй яваа” гэсэн мэдээлэл Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газарт иржээ.
Мэдээлийн дагуу Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч, тус аймгийн Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар, Хушаат болон Булган аймгийн Сайхан сум атрын сангийн аж ахуйн чиглэлд эрэн суравжлах ажлыг зохион байгуулж, самналт хийсэн байна.
Эрлийн ажиллагааны явцад Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэр “Гэгээлэг” гэх газар сэжигтэй этгээдүүдийн явж байгааг мэдэж, цагдаагийн алба хаагчид зогсоох гэсэн боловч зугтжээ. Тус газраас 25 км орчим явсны эцэст Шаамар сумын нутаг дэвсгэр “Бүрэн толгой” гэх газар тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслээр уг автомашиныг зогсоон, сэжигтэй этгээдүүдийг баривчлах ажиллагааг зохион байгуулжээ.
Уг этгээдүүд нь оргож явах замдаа галт зэвсэг хэрэглэн Б, З нарыг айлган сүрдүүлж, тээврийн хэрэгслийг нь дээрэмдэн авч зугтсан болох нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоогдоод байгаа аж.
Нэг байлдагч эмнэлэгт эмчлүүлж байна
Сэжигтэй этгээдүүдийг эрэн хайх, баривчлах ажиллагааг зохион байгуулахад Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд тухай бүр шаардлагатай мэдээллүүдийг солилцож хамтран ажилласны дүнд ажиллагаа амжилттай болсон гэж Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүү онцолж байсан.
Ажиллагааг гардан зохион байгуулсан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн мэргэжлийн өндөр ур чадвар гарган, шуурхай ажилласны дүнд хүний амь нас хохирох, бусад ноцтой нөхцөл байдал үүсгэлгүйгээр аюулгүй болгосон байна.
Одоогийн байдлаар оргосон байлдагч Г Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын саатуулах байранд саатуулагдаж байна. Харин байлдагч Б гэмтэл авсны улмаас Сэлэнгэ аймгийн эмнэлэгт хэвтэн, цагдаагийн хамгаалалтад эмчлүүлж байгаа аж. Эмнэлгийн байгууллагын зүгээс “Байлдагч Б-ын гэмтэл нь түүний амь насанд аюул учруулахуйц биш. Цочролд орсон. Шаардлагатай эмчилгээг хийж байна” гэсэн мэдээллийг өгөөд байна.
Ажиллагааны явцад сэжигтэй этгээдүүдийн унаж явсан машиныг албадан зогсоох арга хэмжээ авсан. Ингэснээр тэдний иргэнийг сүрдүүлж авсан автомашин болон тэднийг албадан зогсооход ашигласан иргэний портер маркийн автомашин, цагдаагийн машинд нэлээдгүй эвдрэл үүсчээ. Цэргүүд оргосон байж болзошгүй тухай мэдээлэл авсан Сэлэнгэ аймгийн бүх сумын цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, шуурхай постыг ажиллуулсан байжээ. Сэжигтэй автомашиныг зогсоох боловч зугтснаар бусад чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид тус чиглэл рүү очиж, автомашины араас хөөх, угтан аюулгүй болгох зэргээр ажиллагааг зохион байгуулсан байна. Оргосон байлдагчид тус бүртээ байлдааны зэвсэгтэй явсан учраас аймгийн цагдаагийн газраас яаралтай арга хэмжээг авч, хот суурин газраас холдуулан, иргэд оршин суудаггүй хээр газарт баричвлах ажиллагааг зохион байгуулжээ.
Цагдаа нараас тээврийн хэрэгсэл шаарджээ
Тухай этгүүдүүдийн тээврийн хэрэгслийг албадан зогсоосны дараа шууд баривчилбал хүний амь насанд аюул тулгарах учир цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын дагуу тэдэнтэй 1 цаг 30 минутын турш хэлэлцээр хийж, ярилцлага зохион байгуулсны дүнд ямарваа нэгэн осол, эрсдэлгүйгээр аюулгүй болгон, баривчилсан байна. Энэ үеэр тэд хэлэлцээрийн багийн цагдаа нараас тээврийн хэрэгсэл шаардаж байсан гэнэ.
Хилийн манаан дээрээс оргосон байлдагч Г, Б нараас анхны мэдүүлэг, тайлбарыг авахад оргох болсон шалтгаанаа “Ангийн дарга, ахлагч нартай холбоогүй. Цэргийн ангийн дарамт шахалт байхгүй. Өөр сэтгэл санааны байдлаас” болж ийм үйлдэл хийсэн гэснийг албаны эх сурвалж мэдээлэв.
Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйл /Цэргийн албанаас оргон зайлах/-ийн 279.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт эхэлж, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хэргийн шалгалтын явцад байлдагчид ямар шалтгаанаар цэргийн албанаас оргохоор шийдсэн нь тодорхой болох юм.
Г, Б нар нь Булган аймгийн Тэшиг, мөн аймгийн Сэлэнгэ сумаас 2015 оны нэгдүгээр ээлжээр татагдан Сэлэнгэ аймагт алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагчид байсан гэдгийг Хил хамгаалах газраас мэдээлсэн.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ