500 мянган борлуулалтын гүйлгээ бүртгэгджээ
Гааль, татварын ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хамтран өнөөдөр хэвлэлийн хурал хийв. Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн онд УИХ-аар баталсан. Уг хууль шинэ оны эхнээс буюу энэ сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд буй. Уг хуулийн хэрэгжилттэй холбоотой гарч байгаа зарим асуудлаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр, МХЭАХН-ийн ерөнхийлөгч У.Батзаяа, Гааль, татварын ерөнхий газрын ТУХАГ-ын дарга Б.Бадрал нар мэдээлэл хийсэн юм.
Татвараар дамжуулж урамшуулах авах боломж бүрдсэн
/МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав/
-НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд хэдийгээр хэдхэн хонож байгаа ч татвар төлөгч, бизнес эрхлэгчид идэвхитэй оролцож байна. Татвар төлөгчдийг татварын нэгдсэн санд бүртгэх ажил давхар явагдаж байна. Тухайн татвар төлөгч өөрөө өөрийнхөө татвараар дамжуулж урамшуулал авах боломж бүрдэж байна. Бизнес эрхлэгчид төлбөрийн баримт хэвлэх кассын машиныг аль болох хурдан үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр зах зээлийн өрсөлдөөнд ялах гол магадлал бий болох юм.
Хэрэв татгалзсан үйлдэл үзүүлбэл буцаагаад зах зээл дээр тэр хүний бизнес орших уу гэдэг асуудал шийдэгдэх болж байна. Одоогоор НӨАТ-ын шинэ системд 500 мянган борлуулалтын гүйлгээ бүртгэгдсэн байгаа.
Хуулийн хэрэгжилт бүх хүнд хамаатай
/МХЭАХН-ийн гүйцэтгэх захирал У.Батзаяа/
-Энэ хуулийн хэрэгжилт аж ахуйн нэгж, иргэд гээд бүх хүнд хамаатай. Худалдан авалтад оролцож буй хүн бүхэн урамшуулалт сугалаанд оролцох боломжтой. Цаашдаа орон даяар жил бүр хэрэгжих учраас хүн бүр анхнаасаа идэвхтэй оролцож, энэ хуулийг хэрэгжүүлэх нь зөв.
Өдөр тутмын үйлчилгээ үзүүлдэг хоолны газар, дэлгүүрээс иргэд төлбөрийн баримтаа шаардаж авах хэрэгтэй гэдгийг хүмүүст сануулмаар байна. НӨАТ-ын шинэчлэгдсэн хууль бол маш зөв зүйтэй хууль.
Хиймлээр үнэ өсгөх сөрөг явдал их гарч байна
/МХЭШХНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн А.Эрдэнэбаяр/
-Хуулийн хэрэгжилттэй холбогдуулан хиймлээр үнэ өсгөж байгаа байгууллагууд их байна. Өнөөдөр импортоор орж ирж байгаа болон дотоодын бүх бараанд НӨАТ-ын үнэ шингэчихсэн байдаг. Бид өдөрт 1300 төгрөгөөр талх авдаг. Түүнд НӨАТ-ын үнэ шингэчихсэн байгаа. Тэгэхэд төлбөрийн баримт авахад татвар нэрээр 1400 төгрөг авах тохиолдол байна.
Ийм үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байвал иргэд манай холбоонд санал гомдлоо гаргаж өгөөрэй. Бид зохих журмын дагуу шалгаж, асуудлыг шийдвэрлэнэ. Дэвшилтэт шинэ технологид шилжиж байхад ийм буруу зүйл битгий хийгээрэй гэж хэлмээр байна.
НӨАТ-ын төлбөр гээд нэмж авч буй нь хууль бус
/ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр/
-Манай байгууллагад НӨАТ-ийн төлбөр, бараа бүтээгдэхүүний үнэ, үнийн зөрүүтэй холбоотой санал гомдол нэлээдгүй ирж байна. Лангуун дээр байгаа үнэд НӨАТ-ын төлбөрийг оруулаагүй байдаг. Тэгээд кассан дээр очоод уншуулахаар НӨАТ-ын төлбөр гэж нэмэлт төлбөр авдаг гэдэг.
Энэ бол хэрэглэгчийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. Ингэж худалдаа эрхэлсэн аж ахуй нэгжид хуулийн дагуу хариуцлага тооцно. Мөн бөөний буюу хямдарсан үнэ гэж иргэдийг төөрөгдүүлдэг асуудал маш их байна. Хэрэглэгчийн тухай хуулийн дагуу хувь иргэнд 250 мянга хүртэлх, өрсөлдөөний тухай хуулийн дагуу аж ахуйн нэгжийг 10 сая хүртэлх төгрөгөөр торгох эрхтэй байдаг юм шүү гэдгийг ШӨХТГ-ын нэрийн өмнөөс анхааруулмаар байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ