Өрсөлдөөн шударга байхад хэрэглэгч л хождог

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд эхэлсэнтэй холбогдуулж Гааль, татварын ерөнхий газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг хамтран хэвлэлийн хурал хийсэн юм. Хэвлэлийн хурлын үеэр төлбөрийн баримт хэвлэх кассын машины талаар ГТЕГ-ын ТУХАГ-ын дарга Б.Бадралаас тодрууллаа.
-Хотын төвд л НӨАТ-ын хууль хэрэгжээд, гэр хороололд үйлчлэхгүй байгаа асуудал яригдаж байна?
-Үнэ эрэлт нийлүүлэлтээр зохицуулагддаг. Хэрэглэгч хэзээ хождог вэ гэхээр өрсөлдөөн хэр зэрэг шударга байна тэр цагт л хождог. НӨАТ-ын буцаан авалтын систем ажилласнаар татвараа нуун дарагдуулж байсан этгээдүүд татвараа шударгаар төлдөг болох хяналтын маш том ажил хийгдэнэ. Татвараа төлдөг байгууллага л энэ зах зээл дээр оршин тогтноно. Татвараа төлдөггүй аж ахуй нэгжийг өрсөлдөөнд оролцуулах шаардлага байхгүй гэдэг зүйлийг хэлж байна. Энэ шударга ёсны механизм НӨАТ-ын буцаан авалтын ажлаар эхэлж байгаа гэдгийг компаниудад хэлмээр байна. Тэгэхээр компаниудын удирдлага маш хурдан хугацаанд технологийн хэрэгцээгээ бий болгож авах нь чухал. Ингэснээр зах зээлийн гол өрсөлдөөнд ялна.
-Кассын машинд НӨАТ-ын программыг аль байгууллага суулгаж өгөх вэ. Хүсэлтээ өгсөн ч ирж суулгаж өгөхгүй байна гэх юм?
-Хуулийг анхнаасаа хэрэгжүүлж эхлэхдээ төр аливаа нэгэн байдлаар бизнес хийхгүй гэдэг зарчмыг баримталсан. Монголд 17 орчим кассын машин борлуулдаг компани байдаг. Эдгээр компани өөрсдийн бизнесийн шугамаар, иргэдийн хэрэгцээнд тааруулан кассын машиныг борлуулна. Шинэ хууль дөнгөж хэрэгжиж эхлээд нэг дор олон хүсэлт ирэхээр амжихгүй хоцрох тохиолдол байгаа байх. Бид аль болох зах зээлийн замаар, бизнестээ хэн хурдтай амжилт олохыг хүсч байна тэр бүгдийг дэмжинэ.
-Кассын машин хэдэн төгрөгийн үнэтэй вэ?
-Кассын машин технологийн чадамжаас шалтгаалаад өөр өөр үнэтэй байдаг. Үнийг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Яагаад гэвэл татварын алба, төрийн байгууллага кассын машин байршуулж, борлуулаагүй. Зөвхөн анхны суурь нөхцлийг нь хангаж өгч байгаа. Талон хэвлэх жижиг машин бол 50-100 мянган төгрөгийн үнэтэй байгаа.
-Талоныг хэвлэж өгч байгаа эсэхийг яаж хянах вэ?
-Нэгдүгээрт, худалдан авагч өөрөө кассын машиныг талон хэвлэж байна уу үгүй юу гэдгийг хянана. Тасалбараа аваад ebarimt.mn сайтдаа бүртгүүлчихнэ. Үүний дараа талон бүртгэгдлээ гэдэг мэдээлэл иргэнд очно. Яг үүнтэй адилхан худалдаа хийсэн дэлгүүр бидэнд мэдээллээ өгч байх хэрэгтэй. Худалдан авагч, худалдагч хоёрын талоны дугаар таарч байгаа тохиолдолд тухайн дэлгүүр тасалбар өгч байгаа, иргэн тасалбараа авсан юм байна гэдгийг харж болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ