230 төрлийн бүтээгдэхүүнээс хөгц, мөөгөнцөр илэрчээ

img

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баярын өдрүүдийг угтан хүнсний гаралтай халдвар, хордлогоос сэргийлэх тухай зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсний дүнд нийтийг хамарсан хордлого гараагүй байна.


Баярын өмнөх өдрүүдэд хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 828 аж ахуйн нэгж, байгууллага, 1200 гаруй иргэн, 2000 гаруй обьектыг шалган давхардсан тоогоор 2800 гаруй зөрчил илрүүлж, 77 хувийг газар дээр нь арилгуулжээ. Холбогдох хууль, тогтоомж, стандарт, эрүүл ахуйн шаардлага зөрчсөн 12 газрын үйл ажиллагааг бүр болон түр зогсоож, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хураан авч устгасан байна.


230 нэр төрлийн 680 дээжийг шинжлэхэд 26 буюу 3.8 хувь нь чанарын шаардлага хангаагүй, бялуу, пирожен, мандарин, өргөст хэмх, усан үзэм, банш, гуляш, котлет зэрэгт гэдэсний бүлгийн эмгэг төрөгч, хөгц, мөөгөнцөр илэрч байлаа.


Улсын байцаагч нар урьдчилан сэргийлэх шалгалтын явцад хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг сургалтад хамруулснаас гадна иргэдэд тухай бүр нь зөвлөмж өглөө. Цаашид хүнсний чанар, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй, буруу шошголсон, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн худалдах, худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Зөвлөгөө, мэдээллийн төв” зөвлөж байна.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Үйлчилгээ тус бүрийн тусгай мэргжилийн хяналтын байцаагч бэлдэж гаргаач. Хүний биед хор болохоор иддэг бүтээгдхүүн, эм тариа эмийн сан, эмнэлэг, биед тохирохгүй харшилдаг үйлчилдэг гоо засалчын бүтээгдхүүн, үсэнд хортой хими будаг шампуньтай үсчингүүд гээд мэргэжил тус бүрийн мэдлэгтэй хяналтын ажилчин байгаасай.Хяналтын байцаагчгүй болсоноос хойш бүх бохир чөлөөтөй өсөж байна.
2016-01-09
irged:
MHG gej boon shantaajnii biznes hiigchid
2016-01-09