Сурагчаа халуун будаагаар түлсэн багшийг ажлаас нь халжээ

Булган аймгийн Рашаант сумын ерөнхий боловсролын сургуулийн гуравдугаар ангийн багш Ц.Даариймаа “Өдрийн хоол”-ны цагаар ангийнхаа сурагч охины гарыг халуун будаагаар түлсэн хэрэг гарсан билээ. Тэгвэл түүнийг хүний нялх балчир үрийг “Дандаа аягагүй ирдэг, гар дээрээ хоолоо ид” гэж харааж загнадаг байсан гэх ташаа мэдээлэл нийгэмд цацагдсанд, мөн багшийг ажлаасаа халагдсанд сургуулийн удирдлагууд нь харамсаж буйгаа илэрхийлжээ.

Тус сургуулийн захирал П.Сийлэгмаа “Хэт ташаа мэдээлэл цацагдсанд харамсаж байна. Өдрийн хоолны цагаар аягагүй байсан сурагчдаа “Байнга аягагүй ирэх юм. аягагүй хүн амгүй гэдэг. Дахиад аягагүй ирвэл алган дээрээ идэхээс яахав” гэж загнан, айлгасан юм байна билээ. Энэ үед ангийнх нь Зоригоо гэдэг хүүхэд тохойг нь шүргэж, аягатай будаанаас нь нөгөө охины гар дээр асгачихаж. Тухайн үед гар нь түлэгдсэн гэх охиныг би өөрөө очиж харсан. Эрхий хуруун дээр нь жаахан улайснаас өөрөөр ямар ч түлэгдэл байхгүй байсан. Тэр дор нь Ц.Даариймаа багш, охины ээж нарыг эмнэлэг рүү хүүхдээ үзүүл гээд явуулсан.
Гэтэл ээж нь “Зүгээр байна. Эмнэлэг ороод яахав” гээд гэр лүүгээ аваад явчихсан байгаа юм. Харин маргаашаас нь сумын ИТХ-ын дарга, аймгийн боловсролын газар луу гомдол мэдүүлснээр тусгай шалгалтын баг ирж үзлэг хийж, багш нартай уулзаж, мэдүүлэг авсан. Шалгалтын комисс буцахдаа охиныг авч яваад, шүүх эмнэлэгт үзүүлсэн. Ямар ч түлэгдэлгүй гэсэн хариу гарсан. Гэсэн ч хүүхдийг айлгаж, загнасан үйлдэл нь багшийн ёс зүйн асуудал тул Ц.Даариймаа багшийг ажлаас нь халах шийдвэр гаргаж, халчихаад байна. Гэхдээ шүүхийн шийдвэр гараагүй байхад халах нь бас яарсан асуудал болчихов уу гэж бодож байна” гэж ярьжээ.
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ