Жихади Дарыг устгахаа мэдэгдлээ

Их Британийн таван иргэнийг тагнуул хийсэн хэмээн Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл цаазалсан билээ. Тагнуулчдын аминд хүрсэн этгээдийг Британийн иргэншилтэй Сиддхартха Дар болохыг тогтоогоод байгаа юм. Тэрбээр тус бүлэглэлд элссэн даруйдаа нэрээ өөрчилж Жихади Дар болгожээ. Жихади Дарыг тус бүлэглэлийнхэн шинэ Жихади Жон хэмээн нэрийддэг байна.
Жихади Дар Британийн Ерөнхий сайд Дэвид Камероныг хэд хэдэн удаа заналхийлж, Лондон зэрэг хотод террорист халдлага үйлдэхээ сануулсан билээ. Тэгвэл Камерон британичуудыг заналхийлээд буй “Жихади Дарыг устгах эсвэл баривчлах болно” хэмээн мэдэгдсэн байна.
Камерон “Энэ эрхэм хийсэн нүглийнхээ төлөө үхэх болно. Гэхдээ бид түүнийг амьдаар нь баривчилж, үлдсэн хугацааг нь шоронд хорихоор тэмцэж байна” гэж хэлжээ. Амиа алдсан гэгдээд буй Британийн таван иргэний асуудлаар тус улсын удирдлагууд мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан юм.
Сиддхартха Дар Лондонгийн зүүн хэсэгт хүнсний дэлгүүрийн худалдагч хийдэг байжээ. Түүнийг 2014 оны дөрөвдүгээр сард “аль Мухажироун” гэх шашны бүлэглэлийн гишүүн байхад нь баривчилж, гурван сарын дараа сулласан байна. Тэрбээр суллагдсан даруйдаа Сири рүү зугтсан аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ