“Сургуулийн цагдаа” гэмт хэргийг 25 хувиар бууруулсан

img

“School police” буюу ерөнхий боловсролын сургууль орчмын аюулгүй байдлыг сахиулах “сургуулийн цагдаа” нар гурав дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд гурван зуу мянга гаруй эцэг, эх “сургуулийн цагдаа”-гийн үүрэг гүйцэтгэжээ. 

 

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид өнгөрөгч оны 12 дугаар сарын 22-оос, дунд ангийнхан энэ сарын 5-аас амарсан. Харин өнөөдрөөс ахлах ангийнхны II улирлын амралт эхэлж байна. Тэгвэл бага ангийн сурагчид амарсан үед “сургуулийн цагдаа” нар хэрхэн үүргээ гүйцэтгэж байгааг “School police” төв, Монголын сурагчдын холбоо, Улаанбаатар хотын цагдаагийн газрын хамтарсан баг шалгаж байна. Энэ тухай “School police” төвийн захирал Р.Батхуягаас тодрууллаа.

 

-“Сургуулийн цагдаа” нар үүрэг гүйцэтгээд багагүй хугацаа өнгөрлөө. Бодитой ямар үр дүн гарч байна.

 

-“School police” төсөл хэрэгжээд гурван жил болж байна. Энэ бол хүүхэд хамгааллын томоохон ажил болсон. Олон эерэг үр дүн гарсан. Тухайлбал, хүүхдээ хамгаалахад эцэг, эхийн оролцоо сайжирсан. Багш, хүүхэд, эцэг эх гэдэг гурвалсан холбоо алдагдаж, эцэг, эхийн хүүхдэдээ тавих анхаарал, халамж суларсан байсан. “School police” хэрэгжиж эхлээд энэ харилцаа дахин сэргэж байна. Эцэг, эхчүүд эргүүлийн үүрэг гүйцэтгэснээр сургууль орчимд үйлдэгддэг гэмт хэрэг буурсан. Өмнөх оны үзүүлэлтээр бол 25 хувиар буурсан байгаа. Эцэг, эхчүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулж байна.

 

-Сургууль орчимд үйлдэгддэг гэмт хэрэг буурсан гэлээ. Ер нь ямар төрлийн гэмт хэрэг гардаг юм бэ?

 

-Дээрэм, гар утас болон сурагчдын үнэт зүйлсийн хулгай зэрэг гэмт хэрэг гардаг. Мөн ном худалдаалах байна. Номыг номын дэлгүүрүүдэд худалдаж байхад сургууль дээр ном худалдаалах нь том зөрчил. Хамгийн гол нь хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлж, замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулж байна. Үүнээс өмнө зам гарч байгаа хүүхдэд туслаад хөтлөөд гаргах нь ховорхон байсан.

 

-Ерөнхий боловсролын сургуулиудыг болон үүрэг гүйцэтгэж буй “сургуулийн цагдаа” нарыг шалгаж байна гэлээ. Ямар зөрчил, дутагдал, магтууштай ажил илрэв.

 

-Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын амралт эхэлснээс хойш Сурагчдын холбоо, хотын цагдаатай хамтраад шалгалтын ажил хийж байна. Түүнээс хойш дунд ангийнхан амарлаа. Өнөөдөр ахлах ангийн сурагчид амарна. Шалгалтын нэгдсэн дүн гарахаар энэ тухай мэдээлье. Мөн сайн ажилласан сургууль, нийгмийн ажилтан, эцэг, эхийг урамшуулах тухай журам ч гарсан.

 

-Өмнө нь зөрчил илрээд сануулга авсан сургууль байсан уу?

 

-Хоёр сургууль байсан. Нэрийг нь хэлээд яахав дээ. “School police”-ийн үүрэг гүйцэтгэж байгаа эцэг, эхчүүд ач холбогдол муутай, үүргээ хангалттай биелүүлээгүй учраас сануулга өгсөн.

 

-Одоогийн байдлаар хэдэн сургуульд, хэдэн эцэг эх “сургуулийн цагдаа”-гийн үүрэг гүйцэтгэж байна. Нэг өдөрт.

 

-Нийслэлийн хэмжээнд 204 ерөнхий боловсролын сургууль байна. Тэднээс 180 сургуульд энэ ажил амжилттай хэрэгжиж, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм. Нэг өдөрт хоёр ээлжээр үүрэг гүйцэтгэнэ. Нэг ээлж нь дөрвөн хүнтэй. Хоёр нь замын хөдөлгөөн, нөгөөдүүл нь сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Зарим хувийн сургуулийн байр нь ерөнхий боловсролын зориулалттай биш, сурагчид нэгдсэн автобусаар явдаг машинаар хүргүүлдэг зэрэг шалтгаанаар “School police”-ийг хэрэгжүүлдэггүй.

 

-Эцэг, эхчүүд сургууль орчимд эргүүл хийхдээ ямар үүрэг гүйцэтгэж байна.

 

-Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байна. Бүх сургуулийн эргүүлүүд 500 метрээс дотогш буй тамхи зардаг газруудаар орж шалгадаг болсон. Мөн PC тоглоомын газруудыг шалгана. “School police” 500 метрт эргүүл хийх үүрэгтэй байдаг. Тэгээд сургууль болон тэр орчмын аюулгүй байдлыг хангаж, болзошгүй хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлнэ дээ.

 

-Үүрэг гүйцэтгээгүй эцэг, эхэд захиргааны арга хэмжээ авах хуультай байх аа.

 

-Тийм. Хуулийн дагуу эцэг, эхчүүдэд торгох арга хэмжээ авна. Эцэг, эхчүүдэд ангийн багшаар дамжуулаад 7-10 хоногийн өмнө сургуульд эргүүл хийх болсон тухай мэдээллийг өгдөг. Хуваарийг ангийн багш нь зохиож сургуулийн захирал баталдаг. Мэдээлэл авсан хүн гурав хоногийн дотор хариугаа өгөх ёстой, амжихгүй нь гээд хойшлуулах хүсэлтүүд ч ирдэг. Эдгээр нь журмын дагуу явагддаг. Харин үүрэг гүйцэтгээгүй эцэг, эхийг тухайн сургуулийн удирдлагууд хороо/орон нутгийн цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, захиргааны арга хэмжээ авахуулахаар заасан бий.

 

-“School police” орон нутагт хэрэгжиж байгаа юу?

 

-Аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиуд хэрэгжүүлж эхэлсэн.

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ