Сирид тусламжийн цуваа очжээ

img

Иргэний дайн болон террорист бүлэглэлүүдийн дайралтын улмаас Сири улсад өлсгөлөн газар авч, олон мянган хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орсон талаар тус улсад ажиллаж буй олон улсын хүний эрхийн байгууллагаас мэдээллээ. Ойролцоогоор 40 мянган хүн өлсгөлөнд нэрвэгдсэн хэмээн тус байгууллага НҮБ-д явуулсан тайландаа дурьжээ.

 

Өнгөрсөн оны аравдугаар сард НҮБ-ын хүмүүнлэгийн элчүүд Сири улсад хүнсний тусламж хүргэж явахдаа бүслэгдсэн юм. Өнөөдрийг хүртэл дээрх хүмүүнлэгийн бараанууд иргэдэд хүрч чадахгүй байна. Олон сарын турш гацаад буй тус хүмүүнлэгийн барааг нэвтрүүлэхийг Сирийн удирдлагууд эрс татгалзсан юм. Энэ хугацаанд хүмүүнлэгийн цуваа хэд хэдэн удаа террористуудын дайралтад өртжээ. Өнгөрөгч долоо хоногт “AFP” агентлагийн гэрэл зурагчид өлсгөлөн нэрвэгдээд буй хотын иргэдийн зургийг олон нийтийн сүлжээнд байршуулж, тэдний бодит төрхийг илчилсэн билээ.

 

“Тэдэнд туслаач” гэх гарчигтай гэрэл зургууд интернэд тархсаны дараа НҮБ энэ асуудалд анхаарлаа хандуулж, энэ амралтын өдөр Дамаскийн удирдлагуудтай хэлэлцээр хийжээ.

 

“Сирийн Засгийн газар тусгай хамгаалалт дор Мадаяа, Фуа, Кафраяа хотноо тусламжийн цувааг оруулахыг зөвшөөрсөн” хэмээн НҮБ-ын сайтад мэдээлсэн байна.  Хүмүүнлэгийн цуваа эхнээсээ зорьсон газраа очиж, иргэдэд шаардлагатай эм тариа, хоол хүнс, дулаан хувцас, цэвэр ус зэргийг тарааж эхэлжээ. Дээрх хотуудад ойролцоогоор 20 мянган хүн амьдарч байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ