Эмэгтэйчүүд гэмт хэрэгт холбогдох нь ихэсчээ

Цагдаагийн ерөнхий газраас 2015 оны гэмт хэрэг, захиргааны зөрчлийн нөхцөл байдлын тухай мэдээллээ. Тус газрын Мэдээлэл, технологийн төвийн дэд дарга, дэд хурандаа П.Оюунтунгалаг, Судалгаа дүн шинжилгээний төвийн дарга, хурандаа Б.Эрдэнэбилэг нар сэтгүүлчдэд мэдээлсэн юм.
Цагдаагийн байгууллагад өнгөрөгч онд нийт 27757 гэмт хэрэг бүртгэгджээ. Өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 1.6 хувиар өссөн байна. Эдгээр гэмт хэргийн 64.7 хувь нь хотод 35.2 хувь нь орон нутагт гарчээ. Нийслэлд үйлдэгдсэн гэмт хэргийн өссөн бол орон нутагт гэмт хэргийн гаралт 1.3 хувиар буурсан судалгааг ЦЕГ-ын Мэдээлэл, технологийн төвөөс гаргажээ.
Нийслэлд үйлдэгдсэн хэргийг дүүргүүдээр харьцуулахад хүн ам олноор суурьшсан Баянзүрх дүүрэгт нийт гэмт хэргийн 23 хувь буюу хамгийн олон гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Орон нутагт Ховд аймагт гэмт хэрэг өсчээ. Харин Завхан аймагт гэмт хэргийн гаралт буурчээ.
Гэр бүлийн хүчирхийлэл өсчээ
Гэмт хэргийг үйлдсэн газраар авч үзвэл гэр орон сууц, нийтийн тээвэрт үйлдэгдсэн гэмт хэрэг 3.6-16 хувиар өсчээ. Харин ангиллаар нь ялгахад хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг өссөн бол хүнд, онц хүнд гэмт хэрэг 5.8 хувиар буурсан байна. Тэгвэл гэмт хэргийг илрүүлэх цагдаагийн байгууллагын илрүүлэлт нийт дүнгээр 62.1 хувь болж өссөн дүн гарсныг Мэдээлэл, технологийн төвийн дэд дарга, дэд хурандаа П.Оюунтунгалаг мэдээлсэн юм.
Нийт гэмт хэргийн 33.3 хувь буюу хамгийн өндөр үзүүлэлттэй нь хулгайн гэмт хэрэг байна. Ингэснээр хулгайн болон залилангийн гэмт хэрэг 8.8-12.2 хувиар өссөн бол бусад төрлийн гэмт хэрэг буурчээ. Гэр бүлийн хүчирхийлэл 3.8-26 хувиар өсчээ.
Гэмт хэрэг олноор үйлддэг цаг хугацаа, өдөр гарагийг ч судалжээ. Гэтэл долоо хоногийн даваа, мягмар, лхагва гарагт нийт гэмт хэргийн 47 хувь нь үйлдэгджээ. Түүнчлэн шөнө, оройн цагаар гэмт хэрэг үйлдэх нь 3.2 хувиар буурсан байна.
Сая гаруй хүнд захиргааны шийтгэл оногдуулав
Өнгөрөгч онд нийт 27757 гэмт хэрэгт 24857 хүн холбогдож, цагдаагийн байгууллагад шалгагджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 4.7 хувиар өсчээ. Тэдний олонх нь 18-35 насны, эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс байна. Гэмт хэрэгт холбогдож шалгагдсан хүмүүсийн 15.2 хувь эмэгтэйчүүд бөгөөд гэмт хэрэгт холбогдох нь нэмэгджээ.
Гэмт хэргээс учирсан хохирлын хэмжээ 2.6 хувиар буурсан бол нөхөх төлүүлэлт, битүүмжилсэн хөрөнгийн тоо өссөн аж. Гэмт хэргийн улмаас хүний амь нас эндсэн нь 21.4 хувиар буурч, гэмтсэн хүний тоо 0.1 хувиар өссөн байна.
Харин 1423088 хүнд захиргааны шийтгэл оногдуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин өсчээ. Энэ нь шинэ эрх зүйн орчин бий болсон, өнгөрөгч оны есдүгээр сарын 1-ний өдрөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж жолооч нарт бэлэн бус торгуулийн систем нэвтрүүлэн захиргааны хариуцлага тооцож байгаатай холбоотой аж.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөл
Цагдаагийн хуулиар харьяалуулсан гэмт хэргийн бүртгэл, мөрдөн байцаалтын дараа шалтгааныг тогтоогоод гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах арга хэмжэ авдаг. Гэмт хэргийн шалтгааныг нийгэм, эдийн засгийн хүчин зүйлтэй холбохоос гадна хувь хүнтэй холбож үздэг. Гэмт хэргийн шалтгаан хувь хүнд байна. Иргэдийн эрх зүйн мэдлэг, ухамсар, төлөвшилтэй холбоотой шалтгаан нөхцлийг авч үзэж байгаа юм.
Хотжих үйл явц гэмт хэргийн тодорхой нөлөөлөл үзүүлж байна. 2014 онд нийслэлд 1314000 хүн бүртгэгдэж байсан бол 2015 онд энэ тоо өссөөн. Орон нутгаас шилжин орж ирэх хүмүүсийн хөдөлгөөн эрчим буурахгүй байгаа нь гэмт хэрэг гарахад нөлөөлж байна гэж Судалгаа дүн шинжилгээний төвийн дарга, хурандаа Б.Эрдэнэбилэг ярилаа.
Хувь хүний төлөвшил ёс суртахуун, согтууруулах ундааны зүй бус хэрэглээ нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болж буй аж. Эдгээр шалтгаан нь зөвхөн бүртгэгдсэн гэмт хэрэг дээр яригдаж байгааг хэлээд үүний цаана бүртгэгдэлгүй, цагдаад мэдэгдэлгүйгээр нуугдаж буй гэмт хэргийн мэдээллийг түргэн, шуурхай хүлээж авахаар үйл ажиллагаа зохион байгуудж байгааг онцолсон.
Иргэдийн хуулиар хүлээсэн хариуцлагыг өндөржүүлснээр гэмт хэрэг буурахгүй, давхар иргэдийнхээ сэтгэлгээ, хандлага, ухамсарыг дээшлүүлэх нь чухал ач холбогдолтойг ч хэлж байлаа. Түүнчлэн иргэн, цагдаагийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр Улаанбаатар хотын цагдаагийн газар, НЗДГ, хотын иргэдтэйгээ хамтран “Хөршийн холбоо”-г хэрэгжүүлж эхэлсэн нь үр дүнтэй ажил буй аж.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ