Эрүүл ахуйн хуулийг хэлэлцэж байна
2016-01-12

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгийг хийж байна.

 

Улаанбаатар хот, зарим суурин газрын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Тухайлбал, агаар бохирдуулагч хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, тоосонцор болон харьцангуй чийг, агаарын даралт нь зүрх судас, амьсгалын замын өвчлөлд шууд нөлөөлдөг байна. Улаанбаатар хотын хүүхдийн цусан дахь хар тугалгын түвшин 10 мкг/дл илэрч байгаа нь хүүхдийн дархлалын хариу урвалд сөрөг нөлөө үзүүлж өвчлөл нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлжээ.

 

Нийслэлийн хэмжээнд сургуулиудын 76 хувь, цэцэрлэгийн 80 хувь нь хүчин чадлаасаа 1.5-2 дахин их хүүхэдтэй, зарим сургууль 3 ээлжээр хичээллэж байгаатай холбоотойгоор  анги, бүлгийн агааржуулалт, гэрэлтүүлэг хангалтгүй, ариун цэврийн тоноглол хүрэлцээгүй, ариун цэврийн нэг тоноглолд ногдох сурагчийн тоо эрүүл ахуйн нормоос 2-5 дахин  их байдаг аж.  Тиймээс дээрх  хуулийн төслийг боловсруулсан байна.

 

Хүний амьдрах, ажиллах, суралцах орчин болон төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж, бохирын цооногийг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх, стандартын дагуу барьж, ашиглах эрх зүйн орчинг бүрдүүлснээр хүрээлэн буй орчны бохирдолт багасч, таатай нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.   

 

Хүн амын унд, ахуйн усны хэрэглээний норм, хэмжээг тогтоож, түүнд нийцүүлэн хүн амыг ундны усаар тогтвортой, хүртээмжтэй хангах ажлыг тухайн шатны Засаг дарга хэрэгжүүлэхээр тусгасан байна.

 

Харин  Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан үдээс хойш  товлогдсон ч  гишүүдийн ирц бүрдэхгүйгээс  хойшлогдлоо.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин