Ч.Хонгорзул: Нийгмийг эрүүлжүүлэхийн төлөө энэ ажлыг эхлүүлсэн

img

Монголын залуучуудын холбооноос 1992 оноос хойшхи үндэсний аюулгүй байдал, хүн амын эрх ашиг, хүрээлэн буй орчин, нийгмийн үнэт зүйлд харшилсан 100 хар үйл явдлын жагсаалтыг олон нийтээр нэрлүүлэхээр “Хулгайчгүй монгол” хөдөлгөөнийг эхлүүлээд буй. Одоогоор 208 үйл явдал нэрлэгдээд буй аж. Энэ талаар МЗХ-ны Удирдлага, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга Ч.Хонгорзултай уулзаж ярилцлаа.

 

 

-Хар жагсаалтад ямар үйл явдлууд нэрлэгдсэн нь сонин байна?

-1992 оноос хойшхи 25 жилийн хугацаанд сайн, муу олон үйл явдал болж өнгөрсөн байдаг. Санал асуулгаас харахад хар бараан ул мөрөө үлдээж, нийгмийн хөгжил дэвшилд саад бэрхшээл болсон, болж буй үйл явдлуудыг нэрлэсэн. Тухайлбал, сонгуулийн санал тоолох хар машин, шилэн дансны хуулийн хэрэгжилт, “Нүүрс” хөтөлбөр, хогны ногоон уут, Хятад улсаас зээлээр авсан 100 сая юань, Ми-8 онгоцны осол, “Бороо гоулд” ХХК-ийн асуудал, Чингис, Самурай бондын зарцуулалт, Есүгэн охины үхэл гээд нийтдээ 208 үйл явдал нэрлэгдсэн. Мөн Монгол Улсын гадаад улс оронд тавьсан өр, хөдөлмөр аюулгүй байдалтай холбоотой осол, улс төрийн түвшин дэх будлиан, өнөөг хүртэл учир нь олдоогүй үйл явдал, хэрцгий аллага, нийгмийг цочроосон үйл явдлууд нэрлэгдээд байна.

 

-Аллага гэхээр С.Зориг агсны хэрэг орсон нь мэдээж. Өөр?

-С.Зоригийн хэрэг хамгийн түрүүнд нэрлэгдсэн. Өөрөөр Лхагвасүмбэрэл агсны хэрэг орсон байна. Гэхдээ юм бүхнийг харлуулж ойлгож болохгүй болов уу. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд нийгэм тайван, эерэг байж гэж харж байна.

 

-Хөдөлгөөнийг С.Зориг агсны нас барсан өдөр эхлүүлсэн. Энэ хэрэгт ач холбогдол өгөөд байна уу?

-“Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн, С.Зориг агсны хэрэг хоёрыг холбож ойлгож болохгүй. Манай холбооны үндэсний залуучуудын зөвлөл гэж том байгууллага байдаг. Энэ байгууллагын удирдах тогтоолын дагуу 2-ны өдөр эхлүүлсэн.

 

-Хичнээн хүн санал асуулгад оролцов?

-42 асуулттай санал асуулгын хуудсыг нэг аймагт гэхэд 400 хүнээр бөглүүлсэн байх жишээтэй. Үүнийг тоогоор үржүүлэх юм бол 12 мянган санал асуулгын хуудас тарааж, бөглүүлсэн. Тэгэхээр 12 мянган хүн санал өгч, үйл явдлуудыг нэрлэсэн гэсэн үг. Мөн утсаар болон мессежээр, онлайнаар санал авсан.

 

-Үйл явдлуудыг зөвхөн иргэд нэрлэсэн үү?

-Бид хоёр сарын туршид маш өргөн хэмжээний судалгаа явуулж, орон нутагт очиж ажиллан иргэдтэй уулзаж ярилцаж, саналыг нь авсан учраас энэ бол цэвэр иргэдийн санал дээр үндэслэн, багцалж гаргасан гэж хэлж болно. Иргэдийн нэрлэсэн хэргүүдийг л бид нэрлэсэн.

 

-Аль үйл явдлыг санал нэгтэйгээр нэрлэсэн бол?

-Одоогоор бол зөвхөн иргэдийн “хар үйл явдал” гэж санал өгсөн хэргийг л нэрлээд байна. Дараагийн түвшинд 208 хэргээс шүүлт хийж, дахин санал авч 100 хар үйл явдлыг нийтэд зарлана. Ер нь бол хүмүүс өөрсдийнх нь амьдралд шууд нөлөөлж буй эдийн засгийн болон төр засгийн шийдвэр, болохгүй байгаа асуудлыг хөндөж санал ирүүлж байна. Тухайлбал, авилга, төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулсан болон алдсан хэргүүд давхардсан тоогоор их олон удаа нэрлэгдсэн байх юм. Үүний дараагаар эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын, Хонгор сумын асуудал, уул уурхайн лицензийг замбараагүй олгосноос болж байгаль орчин бохирдож байгаа зэрэг хэргүүд эхний тавд жагсах хандлагатай байна. Мөн нийгмийг цочроож байгаа аллагын хэрэг болон хүчирхийллийн асуудалд хүмүүс үнэхээр эмзэглэж байна.

 

-Хараас гадна цагаан жагсаалт гаргана гээд байгаа?

-Юмыг нэг талаас нь харж болохгүй. Тэгэхээр цагаан жагсаалт гаргана. Энэ  жагсаалтад дараагийн ээлжинд төр барилцах, залуу улстөрчийг дэмжинэ. Бид тэр хүмүүсийг нийгэмд санал болгоно. Хар жагсаалтад ороогүй хичнээн ч хүнийг иргэд нэр дэвшүүлж болно гэсэн үг.

 

-Бас хар үйл явдлыг удирдан зохион байгуулсан хүмүүсийг нэрлэнэ гэсэн?

-Хар үйл явдал гэдэг бол буруу шийдвэр байсан болоод л муу үр дагаварт хүрсэн. Энэ буруу шийдвэрийг гаргасан, буруу үйл явдалд уруу татсан этгээдийг дараагийн шатны хар жагсаалтаас ил болгоно. Хэрэг болгоны цаана шийдвэр гаргагч нэгэн байгаа нь ойлгомжтой. Тэгэхээр 100 хар үйл явдлаа нэрлэчихвэл ард нь шийдвэр гаргагчид нь нэрээрээ жагсана.

 

-Хар цагаан үйл явдал, улстөрчийг эцсийн байдлаар олон нийтэд хэзээ зарлах вэ?

-Дөрөвдүгээр сарын 2-нд хар цагаан үйл явдлыг эцсийн байдлаар гаргаж дуусна. Мөн хар үйл явдлыг удирдан зохион байгуулсан хэмээн нэрлэгдэж хамгийн их санал авсан 100 хүнийг жагсааж, сонгуульд оролцуулахгүй байх талаас нь ажиллана. Харин цагаан жагсаалтад орсон хүмүүсийг бид дэмжинэ. Ерөнхийдөө ирэх хоёрдугаар сарын 2-нөөс дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл хоёр сарын хугацаанд олон нийтээс санал асуулга авч, сонгуульд нэр дэвшиж болохгүй улстөрчдийг тодорхой болгоно.

 

-Аливаа зүйлд хардлага байдаг. “Мөнгө өгье. Цагаан руу оруулаад өг” гэвэл?

-Мэдээж энэ үйл хэргийн цаана улс төрийн асуудал, сонгууль, сонголтын л асуудал явж байгаа. Тэгэхээр хардах нь зөв. Одоохондоо процесс маань дуусаагүй, эцсийн үр дүн гараагүй байна. Харин дуусах үед хүмүүс бас нэг дүгнэлтийг хэлэх болов уу. Одоо бол холбооныхоо нэрийн өмнөөс хичнээн юм хэлсэн ч ард иргэдийн хардлага арилахгүй. Бүх юм дуусаад үр дүн гарахаар өөрөөр дүгнэх болов уу гэж бодож байна.

 

-Хөдөлгөөн үр дүнгээ өгч, ирэх сонгууль шударга явагдахад нөлөөлөх үгүй нь бас л эргэлзээтэй?

-Улс төр бохирдсон. Бохирдсон болохоор урагшлахгүй, хөгжихгүй байна гэдгийг бүгд л мэдэрч байна. Үүнийг өөрчлөхийн тулд залуус бид өөрсдөө эхлэх нь зөв. Гэхдээ жагсаал цуглаан хийгээд, том юм яриад явахаас илүү үйл хөдлөлөөрөө илэрхийлж, нийгмийг эрүүлжүүлэхийн төлөө л зорьж энэ ажлыг эхлүүлсэн. Дараагийн сонгуулиа ядаж шударга хийхийг, нийгмийн төлөө шударгаар ажиллаж чадах бусад хүмүүсийг гаргаж ирэхийг зорьж байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Битгии хуцаад бай ниигэм дотроосоо цэвэршинэ. Хулгайч хулгайчаа гэх мэтээр чинии хэрэг байхгүй
2016-01-14
Mzh:
Shaadag awgai be!
2016-01-13