Америкийг газрын хөрстэй тэгшилнэ гэж заналхийлэв

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өчигдөр АНУ-ыг заналхийлж, дахин устөрөгчийн бөмбөг туршихаа мэдэгдлээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээлэв.
Хойд Солонгосын удирдагч АНУ-ын удирдлагуудад хандан цөмийн зэвсгийн салбар нь нэг бус олон шатаар ахисан болохыг мэдэгдлээ. Тэрбээр “Нэг удаагийн цохилтоор Америкийг газартай тэгшлэх чадвартай устөрөгчийн бөмбөг бэлэн болсон. АНУ, Хойд Солонгос улсыг гутаан доромжлох, дарамталбал ганцхан цохилтоор Америкийг сүйрүүлэх болно” гэж мэдэгджээ.
Пхеньян мөн цөмийн жижигрүүлсэн зэвсэг бүтээж чадсан тухайгаа уламжлав. Тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг “Баллистик пуужингуудад зориулсан жижиг, стандартад нийцсэн устөрөгчийн бөмбөг болон цөмийн зэвсгийг хаанаас ч харвасан гол байгаа онох орчин үеийн зэвсэгтэй болоход саяхан туршсан цөмийн туршилт тус болсон” хэмээн нийтэлжээ. Тус агентлаг өчигдөр 20.00 цагийн орчимд эрдэмтдийн бүтээсэн устөрөгчийн бөмбөг хэрхэн дэлбэрч буйг харан зогсч буй Ким Чен Уны зургийг байршуулсан байна.
Энэ сарын 6-ны өдөр Сунжибаегам тосгонд устөрөгчийн бөмбөг туршсан билээ. Уг бөмбөгийг туршихад газарт 5.1 баллын чичирхийлэл мэдрэгдсэн юм. Устөрөгчийн бөмбөг туршсан бүс нутагт 2006, 2009, 2013 онд цөмийн туршилт хийж байжээ. Сөүл болон Вашингтоны тал Пхеньяныг устөрөгчийн бөмбөг үйлдвэрлэж, туршсан эсэхэд эргэлзсэн хэвээр байгаа юм. Хэрвээ устөрөгчийн бөмбөг туршсан бол 5.1 балл бус илүү хүчтэй чичирхийлэл мэдрэгдэх байсан хэмээн мэдэгджээ. Тэдний худал цуурхалт авахгүй байхыг Ким Чен Ун олон улсад сануулж, өчигдөр 12.00 цагийн орчимд устөрөгчийн бөмбөг бүтээж, амжилттай туршсан эрдэмтдийг Хөдөлмөрийн намын төв байрны хүндэтгэлийн танхимд хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.
Удирдагч “Хойд Солонгос улс устөрөгчийн бөмбөг туршсанаар дэлхийд цөмийн сүр хүчээ харуулснаас гадна цөмийн зэвсгийн тэргүүлэгч орон боллоо. Хэрвээ америкчууд Хойд Солонгос улсын тусгаар тогтнолд заналхийлвэл эдгээр гайхалтай эрдэмтдийн бүтээсэн бөмбөгийг турших болно” хэмээн эрдэмтэдтэй уулзах үеэрээ хэлжээ. “Эрдэмтдэд хүндэтгэл үзүүлж буй удирдагчийн зураг “KCNA” агентлагт нийтлэгдсэн хэдий ч устөрөгчийн бөмбөг бүтээсэн гэгдээд буй хүмүүсийн царай ил гараагүй” хэмээн “www.yonhapnews.co.kr” мэдээлэв.
Устөрөгчийн бөмбөг туршсаны дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ 14 жилийн турш ганц ч удаа асаагаагүй чанга яригчийг асуух зарлиг буулгажээ. Өнөөг хүртэл хоёр улсын хил дээр байрлуулсан эдгээр чанга яригчаар Ким Чен Ун засаглалыг буруутгасан суртал ухуулгын нэвтрүүлэг цацсаар байна.
Ким Чен Ун Засгийн эрхийг аваад анх удаагаа Вашингтоныг ийнхүү заналхийлж байна. Энэ тухай тус улсын удирдлагууд “Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр олон улсыг заналхийлж байна. Бид олон улсыг хамгаалахын тулд тус улстай гэрээ хэлэлцээр байгуулахыг зорьж, хэд хэдэн удаа хэлэлцээр хийхийг хүссэн. Ким Чен Ун нэг улсыг хамгаалахыг зорьж буй бол бид олон улсыг хамгаалахыг зорьж байна. Бид тус улсаас ирэх бүхий л сүрдүүлгийг хүлээн авах болно” гэж мэдэгджээ.
Пхеньян өмнө хэд хэдэн удаа цөмийн туршилт хийж байсан. Туршилт хийх бүртээ Бээжингийн удирдлагуудад мэдэгддэг байсан юм. Харин энэ удаад Бээжинд мэдэгдэхгүйгээр туршилт хийж, гэнэтийн бэлэг барив. Уг асуудлаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн хэвлэлийн төлөөлөгч Хонг Лэй “Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудалд тавих анхаарлаа нэмэгдүүлсэн” гэж мэдэгджээ.
2013 онд Пхеньян цөмийн зэвсэг туршиж, олон сая иргэнийг заналхийлсэн билээ. Туршилтын дараа НҮБ-ын Аюулгүй зөвлөл тус улсын эсрэг хориг тавьсан бол Вашингтон эдийн засаг, худалдаа зэрэг салбаруудад хориг тавьж, цөмийн хөтөлбөрөө зогсоохыг шаардаж эхэлсэн юм. Жил ирэх тусам Пхеньянд ирэх Вашингтоны дарамт нэмэгдсээр. Ерөнхийлөгч Барак Обама өмнө нь Пхеньян цөмийн хөтөлбөрөө царцаавал хүмүүнлэгийн тусламж нийлүүлэхээ мэдэгдсэн ч Ким Чен Ун “Манай улс цөмийн хөтөлбөрөө царцаах эс царцаах эсэхээ америкчуудаар заалгахгүй” хэмээн хатуухан мэдэгдсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ