Б.Бундхорол: 100 мянган хүний гарын үсэг цуглуулна

Чингисийн талбайд 31 хоног дуугүй суулт хийсэн Б.Бундхорол гэх залуу сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр түүнтэй хэсэг хором ярилцлаа.
-Сарын турш Чингисийн талбай дээр суулт хийсэн. Үр дүн, ач холбогдол нь юу байв?
-Машины шатахуун дуусах дөхөхөөр анхаарлын шар гэрэл асдаг. Энэ гэрэл ассанаар шатахуун өөрөө дүүрчихдэггүй, эзэн нь нэмэх ёстой. Үүнтэй адил би нийгэмд шар гэрлийн үүргийг гүйцэтгэж байна. Сүүлийн үед нийгэм эмх замбараагүй болж ядуурал, ажилгүйдэл ихэсч, эдийн засгийн байдал хүнд хэцүү болж байна. Хүн бүр үүнийг мэдэрч байгаа. Энэ бүгдийг өлсгөлөн зарлаж, буу шийдэм бариад төрийн ордон руугаа орох гэж, өөрийгөө шатаах гэж хүртэл илэрхийлж байна. Харин би өвлийн хүйтэнд гадаа сууж байна. Харамсалтай нь үүнийг анзаарч байгаа хүн алга. Энэ бүхэн юуг хэлэх гээд байна вэ гэвэл “нийгэм болохгүй байна шүү” гэсэн мессэж өгөөд байгаа хэрэг. Үүнийг хаа хаанаа анхаарахгүй бол нийгэм нэг жаахан оч алдчихвал “Долдугаар сарын 1”-ний хэрэг давтагдахгүй гэх баталгаа алга.
-Дуугүй суулаа гээд хэн нэгэнд таны хэлэх гэсэн санаа хүрэх болов уу?
-Намайг анх сууж эхлэхэд тамхи зардаг хүн гэх маягаар харж байсан. Олон хоног суугаад ирэхээр хүмүүс мэддэг болж халуун кофе, цай авчирч өгөөд “Даарч байна уу. Ямар зорилготой суулт вэ” гэж асуудаг, ярилцдаг болж эхэлсэн. Харин төр засгийн хэмжээнд мэдсэнгүй. Улс төрийн нөхцөл шударга биш, ажилгүйдэл газар авч буйг эсэргүүцээд хүн өөрийгөө шатааж байхад “Чи өөрийгөө шатаасан учраас” гээд эрүүгийн хэрэг үүсгэж байгаа хүнлэг, энэрэнгүй бус төр засаг над зэргийн юмыг үл тоомсорлох нь аргагүй биз.
-Энэ үйлдлээ та улс төрийн тэмцэл гэж нэрийдсэн. Тэмцлээ үргэлжлүүлнэ гэж сонслоо?
-Аль нэг намын захиалгаар суугаад байна уу гэж хүмүүс хардаж байна. Тэгвэл би 2016 оны улс төрийн сонгуульд оролцохгүй. Цөөнхийн сонгуульд ч оролцохгүй. Манайх чинь муу ч гэсэн төртэй, цагдаатай орон. Үнэхээр захиалгаар суугаад байвал даруй л мэдчихсэн байгаа болов уу. Зүгээр л “Нийгэм болохоо болилоо. Дор бүрнээ юм бодооч” гэдгийг анхааруулах дохио өгөх гэсэн хэрэг. Одоо харин дараагийн алхамд шилжих гэж байна. Энэ алхмаараа хориглох дохионы үүрэг гүйцэтгэнэ. Маргаашнаас талбай дээр дахиад сууж эхэлнэ.
-Хэдий хүртэл суултаа үргэлжлүүлэх вэ?
-Бид цагаан сар хүртэл Чингисийн талбайд суухыг хичээж байна. Гэвч төрийн байгууллагын шийдвэр хэцүү байдаг. Өмнө нь би суулт хийхдээ төрийн байгууллагад гурван удаа хүсэлт гаргаж гурван хариу авсан. Нэгдүгээрт, таныг бүртгэх боломжгүй гэсэн. Үүний дараа нэг хоногийн дараа гарсан шийдвэр нь долоо хоногийн хугацаанд харна гэсэн. Энэ нь намайг юу хийхийг харна гэсэн үг. Төрийн байгууллагын шийдвэр нэгхэн хоног эсвэл долоо хоногийн зайтай гарч болохгүй. Энэ нь өөрөө хууль эрхзүй, ёс суртахууны дарамт. Суухдаа зүгээр суухгүй. 100 мянган хүний гарын үсэг цуглуулна.
-Ямар зорилгоор цуглуулна гэж?
-Бид сонгосон төрдөө хариуцлага тооцдог байх ёстой. Англи улсад л гэхэд ямар нэгэн асуудлаар 100 мянган иргэний гарын үсэг цугларсан тохиолдолд парламент нь авч хэлэлцдэг. Харамсалтай нь манайд ийм хууль эрхзүйн орчин байхгүй. Гэхдээ Монгол улсын хүн амын тоонд харьцуулаад үзэх юм бол 100 мянган хүний гарын үсэг гэдэг бол асар өндөр тоо. 100 мянган хүний гарын үсэг цуглуулаад би төр рүү гэхээс илүүтэй намууд руу шахалт үзүүлнэ. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд болж өнгөрсөн үйл явдлуудыг Ардчилсан нам, МАН гэдэг хоёр том нам тодорхойлж ирсэн. Муу нь ч, гавьяа нь ч тэднийх. Өнөөдрийг ч тодорхойлж байна. Ирээдүйд ч энэ хоёр нам тодорхойлох болов уу. Тэгэхээр тэртээ тэргүй энэ хоёр нам л төр барих юм бол намдаа ёс суртахуунтай, ухамсартай, өсөж дэвших нэгнийгээ оруулаач гэдгийг л шахалт хэлбэрээр үзүүлнэ.
-Гарын үсгийг яаж цуглуулах гэж байна?
-Эхлээд 9 дүүргээр явна. Дараа нь 21 аймгаар явж гарын үсэг цуглуулна. Энэ бүхэнд мэдээж санхүүгийн асуудал гарна. Гэхдээ миний тооцоолсноор энэ бүхэн боломжтой. Дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө амжиж цуглуулна. Орон нутгаас 20 гаруй мянган хүний гарын үсэг, Улаанбаатар хотоос 80-аад мянган хүний гарын үсэг цугларах болов уу.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ