Цас орж хүйтэрснээс өвөлжилт хүндэрч болзошгүй

img

Энэ сарын 15-16-ны өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, салхи 12-14 м/сек хүрч цасан шуурга шуурна. 15-ны өдрөөс хүйтний эрч чангарч Идэр, Тэс, Отгон, Хүрэн бэлчир, Дархадын хотгороор 42-48 хэм, өдөртөө 28-34 хэм, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм хүйтэн байна.

 

Ингэж цас орж, их хүйтэн олон хоног үргэлжилснээс өвөлжилтийн нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй юм. Өнөөдрийн байдлаар 16 аймгийн 50 сум “Цагаан зуд”-тай, 20 аймгийн 120 сум “цагаанаар зудархуу” байна.

 

Нийт нутгаар хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан иргэд, бүрэн бус техник хэрэгсэлтэйгээр холын замд гарахгүй байх, зайлшгүй аян замд гарах тохиолдолд автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,  дулаан хувцаслах, халуун хоол хүнс базаах, шатахууны нөөцтэй явах, малчид малтайгаа уруудах, төөрөх, осгох зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх.

Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт орхихгүй байх, малд явуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагатай эргүүл томилон ажиллуулах, дулааны шугамын хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх зэрэг  арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Мөн хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан иргэдийн хэт галлах, пийшин зуухны буруу галлагаа зэрэг санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалан гал түймрийн гаралт ихсэх, цас орж замын халтиргаа, гулгаа үүсч, зорчих хөдөлгөөнд саад учрах, зам даваа хаагдах, иргэд цасанд боогдох зэрэг эрсдэл учирч болзошгүй. Иймд иргэд цаг агаарын мэдээллийг тогтмол сонсох, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, заавар зөвлөмжийг ахуй, амьдралдаа хэрэглэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ