Зурагт, угаалгын машинаар амжиргааны түвшин тогтоож болдог юм уу
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхдийн мөнгийг хуучнаар нь эргэн олгох тухай Тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хариулж байна.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-Хүүхдийн мөнгийг яагаад хасаж тооцсон юм бэ?
-Та нэг их наяд төгрөгийн өр үлдээсэн шүү дээ. Тэрийг чинь барагдуулах гэж би зовсон. Та зөвхөн өөрийнхөө тойрогт мөнгө олгочихоод бусдыг нь орхисон байсныг нөхөж олгох гэж махаа идсэн.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:
-Хүүхдийн мөнгийг олгохгүй гэчихээд одоо яагаад олгох болсон юм. Хэрэв төсөвт мөнгө байсан юм яагаад хүүхдийн мөнгийг танасан юм бэ? Танай намын Баабар “АН-аас салгаад өгөөч” гэсэн нийтлэл бичсэн байна лээ. Надаас хойш галав юүлж байсан ч хамаагүй гэж асуудалд хандахаа боль? Хүүхдийн мөнгө бол өөрийн чинь хариуцах асуудал.
-Би сайдын хувьд хариуцлагаас мултрах гэсэн зүйл байхгүй. 2015 оны төсвийн жилд хүүхдийн мөнгө бүрэн олгогдсон. Энэ тогтоол батлагдсан хүүхдийн мөнгө хуучнаараа олгогдоно.
-Баабарын үгээр би зайлчихдаг юм биш. Улс төрд 26 жил явахдаа надаас хойш яасан ч яахав гэсэн маягаар асуудалд хандаж байгаагүй. Та үгээ бодож, нийгэмд хүргэж байгаа мессэжээ зөв хүргээч ээ. Сөрөг хүчин гэхээр л дайрдаг давшилдаг, анархи зан гаргадгаа болиоч ээ.
УИХ-ын гишүүн Г.Уянга:
-Анх АН хүүхдийн мөнгийг санаачлан хэрэгжүүлж байхад хүн амыг өсгөх бодлого гэж дэмжиж байсан. Харин одоо хүүхдийн мөнгө айл өрхийн амьжиргаагаа залгах хэрэгсэл болж байна. Яагаад зурагт, угаалгын машинтай бол амьжиргааны түвшин дээгүүр болчихдог юм бэ?
-Хүүхдийн мөнгөний эх үүсвэрийг УИХ-аар хэлэлцүүлж батална. Амьжиргааны түвшинг тогтоохдоо тэнэмэл гэх хүүхдийн судалгааг нарийвчлан багтааж хийсэн. Бүх аймаг, дүүргээр нь оруулсан. Олон улсын түвшинээр амжиргааны түвшинг тодорхойлсон.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ