Буркино-Фасо улсад жуулчид амиа алджээ

Буркино-Фасо улсын нийслэл Уагадуга хотноо “Аль Кайди” бүлэглэлийн нэг салбар гэгддэг “Исламын Магрибын “Аль-Каида” бүлэглэлийн дайчид өнгөрсөн баасан гаригийн шөнө дараалласан халдлага үйлдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
“Халдлагын улмаас 28 хүн амиа алдаж, 56 хүн шархтаж, эмнэлэгийн тусламж авсан” талаар “AFP” агентлаг уламжлав. Канадын Ерөнхий сайд Жастин Трудо “Уг халдлагын үеэр манай улсын зургаан иргэн амиа алдсан” хэмээн мэдэгдэж, эмгэнэл илэрхийлсэн байна.
Уагадуга хотын цагдаагийн газраас мэдээлснээр “Террористуудын халдлагын үеэр Канадын зургаан иргэн, Франц, Швейцарийн тус бүр хоёр, Голландын нэг иргэн амиа алдсан” гэв. Тус улсын Гадаад хэргийн сайд Альфа Барри өнөөдөр 9.00 цагт амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, “Буруутнууд заавал шийтгэлээ амсах болно” гэж мэдэгдсэн байна.
Террористууд жуулчдын ихээр үйлчлүүлдэг зоогийн газар, кафе болон зочид буудалд халдлага үйлдэж, барьцаалсан байна. Цагдаагийнхан тус улсад үүрэг гүйцэтгэж буй Францын тусгайгийнхантай хамтран тусгай ажиллагаа явуулж, барьцааны иргэдийг чөлөөлж эхэлжээ.
Буркино-Фасо улсад суугаа Францын Элчин сайд Жиль Тибо твиттертээ “Барьцааны иргэдийг чөлөөлж эхэлсэн. Энэхүү ажиллагаанд Францын тусгай хүчин оролцож байна” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ