“Хүчит шонхор” захад ууцны үнэ 170-280 мянгад хүрчээ

Өдрийн сурвалжлага
Идэр есийн хүйтэн тачигнасан энэ өдрүүдэд нийслэлчүүд сар шинийнхээ бэлтгэлийг базаах гээд амрах ч завгүй холхилдох ажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлчүүдийн махны гол хэрэгцээг хангадаг “Хүчит шонхор” зах орж, хонь, ямааны мах, тэр дундаа сар шинээр баярын ширээ чимэх ууц, өвчүүний үнэ сонирхов.
“Хүчит шонхор” зах ойрын өдрүүдэд хөл ихтэй байгаа ажээ. Хотын төвөөс дээш өгсөөд, “Дэнжийн 1000” руу эргэх зам битүү түгжрээтэй, 5-10 минут болж байж, арай гэж нэг урагшилж байв. Автомашины түгжрэл ийнхүү үүссэн нь махны үнэ өсч байгаатай холбоотой гэдгийг таксины жолооч ах хэлж байна. Учир нь, өдөрт 2-3 удаа “Хүчит шонхор” зах руу хүн тээвэрлэж байгаа ажээ. Замаа товчлох санаатай дээд замаар нь өгссөн ч мөн л ялгаагүй автомашины түгжрэл үүссэн байв.
Хонины мах 90-150 мянга төгрөгийн үнэтэй байна
Өнгөрсөн сарын эхэн үетэй харьцуулахад “Хүчит шонхор” зах дээр зарж буй махны үнэ 1000-1500 төгрөгөөр өсчээ. Хонины мах килограммыг нь 3500 төгрөгөөр зарж байна. Харин бүдүүн хонины гулууз мах 150 мянга, хязаалан эр хонины гулууз мах 130 мянга, төлөгнийх 90-120 мянган төгрөгөөр зарж байна. Хонины цувдаа зарж байгаа цөөнгүй машин харагдав. Үнийг нь асуувал 1500 төгрөгөөр борлуулж байгаа гэв.
Махны үнэ бага зэрэг өсч байгаа сурагаар ченжүүд эр хонийг газар дээрээс нь 60 мянган төгрөгөөр авч байгаа ажээ. Тиймээс хол, ойрын малчид өөрсдөө хотод авчирч борлуулахыг илүүд үзэж байна. Учир нь, 40-50 мянган төгрөгийн илүү ашиг гаргаж чаддаг гэж байв. Хөдөөнөөс ирсэн малчдын өөрсдөө зарж, борлуулж байгаа махны үнийг сонирхвол, Дундговь, Дорноговь, Архангай аймгаас ирсэн малын мах арай илүү үнэтэй байна. Говийн малчид ууцаа 250- 270 мянган төгрөгөөр борлуулж байна. Мөн махны үнэ өсч байгаа ч малчидад өгөөж муутай байгааг онцолсон. Учир нь, бөөн замын зардал болоод мал, махаа ачаад ирэхэд бог малын мах нь хурдан зарагдаад, том малын мах борлуулалт муутай байгааг онцолсон. Энд, хонины ууцнаас гадна хонины гулууз махыг нэг килограммыг нь 3500, үхрийн гуя кг 3700-5700, үхрийн өвчүү кг нь 5000, ямааны мах 2500, адууны махыг 2800 төгрөгөөр зарж байв. Ямартай ч сар шинээр баярын ширээ чимэх ууцыг “Хүчит шонхор” захаас авбал 150-280 мянган төгрөгөөр худалдаж авах ажээ.
Жижиглэнгийн мах борлуулалт муутай байна
Бид бас жижиглэнгээр мах худалддаг заал руу орлоо. Энд үхрийн цул махыг 6000, ястайг нь 5800 төгрөгөөр зарж байна Харин ямааны цул мах 4000, ястай нь 3700, хониных цул нь 5000, ястайг нь 4200 төгрөгөөр зарж буй нь өмнөх сартай харьцуулбал кг махны үнэ 1000 гаруй төгрөгөөр өсчээ.
Б.ЭНХТУУЛ
Эх сурвалж: www.polit.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ