Нийгэмд энх тайван, амар амгалангийн үнэ цэнийг таниулахыг эрмэлздэг

img

Удахгүй буюу I сарын 21-нд “Peace awards-2015” ёслолын арга хэмжээ болох гэж байгаа. Үүнтэй холбогдуулаад олон нийтэд уг арга хэмжээ болон шагналын учир холбогдлын талаар мэдээлэл өгөх зорилгоор “Дэлхийн энхийн их наадам” ТББ-ийн тэргүүн Г.Ганбаттай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

 

Юуны өмнө “Peace awards” ёслолын арга хэмжээг зохион байгуулах болсон тухай, түүний учир холбогдлын талаар уншигчдад мэдээллийг өгнө үү.

 

Монголчууд бид ардчилал хэмээх шинэ нийгэм, шинэ тогтолцоог сонгоод 25 жил болж байна. Энэ 25 жилийн хугацаанд бол сайн муу олон янзын зүйл болж өрнөлөө. Болохгүй байгаа, санаа зовоосон олон асуудал байна. Ялангуяа нийгэмд маань эзэн хүн буюу эзэн хүний сэтгэл маш их дутагдаад байна. Бүх юмыг капитализмын үүднээс дүгнэн цэгнэж, бүхий л зүйлийг мөнгөөр үнэлэх гэж оролддог болчихлоо. Мөнгөний төлөө бүх үнэт зүйлс, сайн сайхнаа дорд үзэж, уландаа гишгэхэд хүрч байна. Улмаар нийгмийг тэтгэж байдаг нандин чанар, ноён нуруу, тулгуур болсон тэрхүү үнэт зүйлс, зарчмууд эвдрэхэд хүрлээ. Нийгэмд хариуцлага гэх юм байхгүй боллоо. Нийгэмд итгэлцэл алга боллоо. Монголчууд ам л нээвэл бие биенийгээ гүтгэдэг, гутаадаг, доромжилдог байдал руу орлоо. Нийгэмд итгэлцэл, бие биенийгээ хүндлэх, хүлээн зөвшөөрөх харилцаа байхгүй бол нийгэмд хамтын ажиллагаа бий болохгүй. Хамтын ажиллагаа байхгүй бол нийгэмд хөгжил дэвшил гарахгүй. Тэр үүднээс Монголын нийгэмд эзэн болж байгаа хүмүүс ховор болчихож. Тийм учраас бид энэ “Энхийн шагнал” хэмээх арга хэмжээг зохион байгуулж ирлээ. Энхийн шагналаар дамжуулаад энх тайван, амар амгалан гэдэг бол хүн төрөлхтний мөнхийн хүсэл, нийгмийн хөгжлийн үр дүнг хүн бүр хүртэх хамгийн чухал нөхцөл гэж үзэж байгаа юм. Хэн энхийг хүсэж байна, тэр хүний эргэн тойронд энх амгалан бий болж байдаг.

 

Нөгөө талаар  энх тайван, амар амгалан гэж юу юм бэ, Монголчуудын хувьд энэ асуудал хэр хамааралтай гэдэг асуулт гарч ирж байна. Өнөөдрийн нийгэмд эдгээр зүйлс харин ч урьд өмнөхөөс ч илүү нухацтай авч үзэх шаардлага тулгарчээ. Энх тайван гэдэг бол зүгээр нэг онолын ойлголт биш. Маш тодорхой үйлдлээр дамжиж, энх тайван бий болдог.  Өөрөөр хэлбэл, уучлал, хүлээн зөвшөөрөх, харилцан ойлголцол, итгэлцэл дээр тулгуурласан хамтын ажил бий болж байвал үүнийг энх тайван гэж тооцож болно. Хэн энхийг хүсэж байна, хэн түүнийхээ төлөө ямар нэгэн үйлдэл хийж чадаж байна вэ? Нийгмийн амар амгалан, хөгжил дэвшил, эв нэгдлийн төлөө зүтгэж, хийж бүтээж чадаж байгаа тэр хүмүүсийг “Эзэн Монгол Хүн” хэлж болно. Энэ хүмүүсээр дамжиж энх тайван, амар амгалан тогтоно. Ийм хүмүүсийн нэг удаагийн үйлдэл биш бүхий л ухамсарт амьдралаа улс орныхоо эзэн гэж бодож сэтгэж, эх орныхоо сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө бүхнээ зориулсан нийгмийн зүтгэлтнийг бид нар нийгэмд үлгэр жишээ болгон алдаршуулах ёстой юм.

 

Монголчуудын болохгүй бүтэхгүй гээд байгаа зүйлсийг (Монгол учраас л болохгүй чадахгүй гэсэн хандлага хүртэл бий болчихож) – “Уучлаарай бид харин ч чадна аа” гэсэн бодит үйлдэл болгон өөрчлөхөд өөрийн амьдралаа зориулж, зүрх сэтгэлээ дагаж эр зориг гаргаж, үнэхээр бахархалтай амьдралыг бий болгож чадсан хүмүүсийг бид үнэлж чаддаг байх хэрэгтэй. Эцсийн дүндээ “Монголчууд бид ийм агуу ард түмэн шүү дээ” гэж хэлж чадах, хэн ч харсан хүлээн зөвшөөрөхүйц өөрчлөлтийг авчирч чадсан Монгол хүнийг шалгаруулах нь энэхүү шагналын эрхэм зорилго юм. Үүгээр дамжуулж Монголчуудын нийгмийн үнэлэмж бие биенийгээ хайрлах, дээдлэх хандлага, Монгол хүний үнэлэмжийг өргөх, бүтээлч хандлага, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд зорьж байгаа юм.

 

Нэг үгээр хэлэхэд өнөөдөр Монголын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа нийгмийн зүтгэлтнүүдийг “Энхийн шагналтан” гэж ойлгож болох уу?

 

Тэгэж ойлгож болно. Улс орны хөгжил гэдэг бол нийгмийн хөгжил. Нийгмийн хөгжилд бодиттой хувь нэмэр оруулсан хувь хүнийг шагнах ёслолын ажиллагаа юм. Бидний ихэнх нь анх төрөхөд л энх тайван байсан, одоо ч байна, маргаашдаа ч ийм байх юм шиг бодоод байдаг. Энх тайван гэдэг өргөн агуулгатай, хүн төрөлхтний хамгийн чухал үнэт зүйлийг нэг. Энх тайван гэдэг нь дайн дажингүй амар амгалан байхын нэр. Монголчууд дандаа энх амгалан байгаагүй, маргааш ч ийм байна гэдгийг хэлж чадахгүй. Одоогийн энх цагийг авчрахын тулд өвөг дээдсүүд минь асар их золиос, цус хөлсөө урсган байж бий болгосон. Бид нар ямар их үнэ цэнээр энх амгаланг олж авсныг мартаж болохгүй. Цаашлаад нэгэнт бий болгосон амар амгалан гэдэг зүйлээ хайрлаж, үнэлж, үнэ цэнийг нь мэдэрч хамгаалж байх учиртай. Тийм учраас л байн байн энхийн тухай давтаж яриад байгаа хэрэг. Үүний тулд бүтээлч сэтгэлгээтэй хүн бүрийн эзэн хандлага, эзэн байх бүтээлч хандлага, сэтгэлийг өргөж, өргөжүүлж байж олж авсан ололтоо баталгаажуулах юм.

 

Хэрэг дээрээ энх тайван байгаа нөхцөлд л ардчиллын ололтоо бэхжүүлж, өнөөдрийн өндөр байшин, шинжлэх ухаан технологийн хөгжил, өргөн зам харгуй, боловсрол, эрүүл мэнд зэрэг хөгжил дэвшлийн үр шимийг хүртэж чадна. Үүний тулд энхийн шагналаар дамжуулан энх тайван, амар амгалангийн үнэ цэнийг нийгэмдээ ойлгуулан таниулахыг эрмэлзэж, уг арга хэмжээг зохион байгуулж ирлээ.

 

Монголчуудын хувьд энх амгалан, эв нэгдлийн үнэ цэнийн талаар үзэл бодлоо хуваалцсанд баярлалаа. Энхийн шагнал арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн арга хэмжээний гол онцлог юу вэ?

 

Энэ жилийн хувьд “Энхийн шагнал”-д нэр дэвшүүлэх үйл явцыг өргөжүүлэх буюу нэр дэвшигчдийн цар хүрээг өргөтгөснөөрөө онцлог гэж хэлж болно. Монголчууд бид тэртээ 13-р зуунд, бидний өвөг дээдсийн ёс суртахуун, оюун санааны чадвар өнөөгийн Монгол хүнд ч байгаа гэж боддог. Бидний тавьсан шалгуурт нийцэх тийм хүнийг хэрхэн зөв олж нэр дэвшүүлж, шалгаруулалт хэр зэрэг зөв явагдаж байна гэдэгт нилээн анхаарал хандуулж байгаа. Үнэхээр ул суурьтай, үр дүнтэй нэр дэвшүүлэлт явагдаж, зөв хүнээ шалгаруулснаар энэ шагналын нэр хүнд өсч, Монголчуудын бахархал нэгээр нэмэгдэнэ гэж бодож байна. Шалгаруулалтыг илүү үр дүнтэй зохион байгуулах үүднээс олон янзын салбарын мэргэжилтнүүдийг шинжээчээр ажиллуулж, аль болох мэргэжлийн үүднээс хандаж, нийгмийн хөгжилд тулгуур гэж тооцогддог салбаруудаас эрэл хайгуул явуулж, нийгмийн амар амгалан байх, хөгжиж дэвшихэд чухал нөлөө үзүүлсэн хүнээ олж авахын тулд манай хамт олон идэвх гарган ажиллаж байна даа.

 

“Энхийн шагналтан”-г ямар шалгуур үзүүлэлтээр, хэн шалгаруулдаг вэ?

 

Таван хүний бүрэлдэхүүнтэй шалгаруулалтын тусгай комисс ажилладаг. Боловсролын яамны сайд асан, Монгол Улсын Ардын багш, доктор, профессор С.Галсан, Багшийн дээд сургуулийн түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ж.Гэрэлбадрах, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, “Жавзандамба хутагт” төвийн тэргүүн, гавж Д.Нямсамбуу, бизнесийн салбарыг төлөөлж “Бэст Буйдан” ХХК-ийн захирал Ү.Батбаяр гэсэн бүрэлдэхүүнтэй. Эхлээд зохион байгуулах хорооны шалгаруулах ажлыг хариуцсан нарийн бичгийн дарга 20 орчим хүний нэр дэвшүүлээд, түүнээс дахин шалгаруулалт хийж таван хүний материалыг комисст танилцуулдаг. Шалгаруулалтын комисс нэр дэвшигчдийн материалд зохих шалгуур хийсний дараа газар дээр нь очиж танилцдаг. Ингээд хамгийн шилдэг гэж тооцсон хүн дээрээ санал хурааж энхийн шагналтныг тодруулдаг.

 

Нууц биш бол энэ жил ямар хүмүүс “Энхийн шагналтан”-д нэр дэвшсэн бэ?

 

Олон хүн нэр дэвшсэн. Нэр дэвшигчдийн дотор кино найруулагч, Улаан Чулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдийн төлөө хичээж зүтгэж буй хүнээс аваад алдаж эндэн шоронд орсон хүмүүсийг зөв замд оруулахын төлөө зүтгэж байгаа зэрэг олон салбарын хүн нэр дэвшсэн байгаа. Мөн Монгол хүний авьяас билэгийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа боловсролын салбарын төлөөлөл, амь насаараа дэнчин тавьж, нийгмийн сайн сайхан, амар амгалангийн төлөө зүтгэж байдаг онцгой байдлын салбарын төлөөлөл, нийгмийн эрүүл мэндийн манаанд цаг наргүй зүтгэж байдаг эмч нарын төлөөлөл, төрийн үйлчилгээг иргэдэд зөв зохистой хүргэх, төрийн нэр хүндийг өргөж яваа багын засаг дарга зэрэг салбар салбарын олон хүний нэр дэвшсэн. Шалгаруулалтын үйл явц үргэлжилж байгаа. Шалгаруулалтын комисс тун удахгүй дүнгээ танилцуулна.

 

Энхийн шагналд нэр дэвшиж буй хорин нэр дэвшигчдээ яаж тодруулаг вэ?

 

Олон байгууллагууд хамтран эрэл хайгуул хийж, нэр дэвшигчдийг олж тодруулдаг. Энхийн шагнал бол нийгмийн амар амгалан, энх тайвны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Монгол дахь ТББ-уудын нэгдмэл үнэлэмжийг илэрхийлсэн дээд шагнал. Шалгаруулалтын үйл явц жил ирэх тусам  цар хүрээгээрээ тэлж байна. Нэр дэвшүүлэх процесс өргөжиж, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах болсон. Дашрамд хэлэхэд уг шалгаруулалтад нэр дэвшин оролцохыг хүссэн хүмүүст анкет болон бүрдүүлэх материал зэрэг нь нээлттэй буюу чөлөөтэй байдаг гэдгийг хэлэх хэрэгтэй. Бас манай байгууллагаас албан бичгээр хандсан байгууллагууд хүмүүсээ нэр дэвшүүлэх боломжтой.

 

Танай хамт олон 2015 оныг ямар амжилт бүтээлээр үдэж байна вэ?

 

Өнгөрсөн жилийн хувьд манай байгууллага маш завгүй, багагүй амжилттай үдлээ. Хамгийн чухалчилж авж үздэг үйл ажиллагаа бол энхийн шагнал юм. Өнгөрсөн жилийн “Энхийн шагнал-2014” шалгаруулалтаар “Азийн хүүхдүүд” сангийн Тэргүүн, Монгол Улсын гавьяат багш  С.Эрдэнэчулуун тодорсон. С.Эрдэнэчулуун багшийн Монголынхоо ирээдүй болсон үр хүүхдүүд, тэр дундаа өнчин, гэр оронгүй тэнэмэл хүүхдүүдийн төлөө бүтээлч, хүнлэг энэрэнгүй үйлс хийж байгааг нь үнэлж энэхүү шагналаараа өргөмжилсөн. 

 

Мөн Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс “Загвар Баг” төслийг хэрэгжүүлж ирсэн. Улс үндэстэн гэдэг бол төр ард түмэн хоёрын нягт харилцаан дээр тогтдог. Гэтэл хүмүүсийн төрд итгэх итгэл сулрах болов. Муулахгүй сэдэв, асуудал, хүн, байгууллага гэж алга. Иймээс төрийн үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдийг бухимдуулахад хүргээд байгаа төрийн үйлчилгээний анхан шатны нэгж болох Баг хорооны үйл ажиллагаа сайжруулах зорилгоор жишиг “Багийн загвар” бий болгохын төлөө ажиллаж байна. Иргэний оролцоот багийн хөгжлийн загварыг бий болгоход чиглэсэн төсөл. Энэ төсөл маань 2015 онд хамгийн анхны бетта хувилбар буюу багийн түвшинд иргэдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, улмаар тэдгээр асуудлыг иргэдийн оролцоотой шийдэх боломжийг гаргаж ирсэн. Монголчууд юм л бол төр засаг, албан хаагчид болохгүй байна гэх мэт шалтаг тоочиж байдаг. Тэгвэл иргэд бидэнд  1990 онд баталсан Үндсэн хуулиар олгогдсон чухал эрх, боломж нөхцлүүд байдгийг анзаардаггүй. Тэр эрхээ эдэлж, үүргээ биелүүлж чадвал иргэд өөрсдөө олон зүйлийг өөрчилж чадна. Иймээс багийн ажилд иргэд яаж идэвхтэй оролцох уу, иргэд оролцсоноороо өөрийнхөө амьдралыг яаж өөрчилж болох вэ гэдэг чиглэлээр нилээн ажил зохиосон. Бодиттой үр дүн ч гарч байгаа.

 

Цаашлаад Монгол хүмүүс хамтарч ажиллаж чаддаг болохыг, нийгмийн хөгжил гэдэг хамтын оролцоо болохыг иргэдэд ойлгуулахыг зорьсон. Хамгийн анхан шатны хамтын ажиллагааны талбар бол гэр хороололд гудамж, орон сууцанд СӨХ байдаг. Нэг орцонд амьдарч байгаа нэг хувь заяатай хүмүүс нэг нийтлэг асуудалтай. Энэхүү талбар дээр хамтын ажиллагааг бий болгох ёстой гэсэн тооцсон. Ингээд “Шинэ гудамж” гэдэг санаачилгыг өрнүүлсэн. Анхны үйл ажиллагааны үр дүн маш сайн гарсан. Дараагийн шатны төслөө боловсруулаад явж байна. Дараагийн чухал ажил гэвэл манай байгууллагаас Байгаль орчины яам, МЗХ, Монголын сайн дурын байгууллагын сүлжээ, НҮБ-ын сайн дурынхантай хамтраад “Нийгмийн хөгжил залуучуудын сайн дурын оролцоо” Зүүн Хойд Азийн Залуучуудын Чуулга Уулзалтыг амжилттай зохион байгуулсан.

 

Энэ онд танай байгууллагын хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил юу вэ?

 

Энэ жил бид 2012 оноос анх санаачилсан “Эгэл амьдралын мөр” төслийг үргэлжлүүлэх юм. Зах зээлийн нийгэмд хөгжлийг төр бус харин хувийн хэвшил бий болгодог. Тиймээс жижиг дунд бизнес, өрхийн үйлдвэрлэлийг амжилттай хэрэгжүүлж буй бүтээлч Монгол хүнийг тодруулах, урам зориг өгөх зорилготой төсөл. Өөрөөр хэлбэл амьдралдаа эзэн болж, Монгол орны хөгжилд хувь нэмрээ оруулж яваа хүмүүсийг алдаршуулдаг. Монгол орон өргөн уудам, 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд тэдгээр хүмүүсийг олж шалгаруулах, олон түмэнд сурталчилна. Энэ төслийн судалгааны ажил өнгөрсөн хоёр жил явагдаад энэ оноос хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болсон. Нийгмийн салбарт өөрчлөлт оруулсан хүмүүсийн тэргүүн туршлагыг хуваалцаж, Монголчууд бидний чин сэтгэл, нэг хүний зүтгэл нийгэмд ямар хувь нэмэр оруулдаг болохыг харуулна.

 

Монголчуудын бахархал болсон, тууштай хөдөлмөрч, бүтээлч, байгаа нөөц бололцоондоо тулгуурлан жижиг дунд бизнес, өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлж чадсан хүмүүсийн талаар нийт 10 цуврал нэвтрүүлгийг бэлтгэн гаргахаар төлөвлөж байна. Мөн манай байгууллагын үндсэн үйл ажиллагаа болох “Загвар Баг”, Залуучуудын нийгмийн оролцоог дэмжих “Ногоон санаачилга” төсөл үргэлжилнэ. Нийгмийн хөгжилд залуучуудын сайн дурын оролцоо олон улсын чуулга уулзалтаа үргэлжлүүлэн ажиллана.

 

Ярилцсанд баярлалаа.Таны ажил амьдралд сайн сайхныг хүсье.

 

О.Цэрэнлхам

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ