Нийслэлийн мандатын тоог нэмэгдүүлье

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан нийслэлд оногдох УИХ-ын сонгуулийн мандатын тоог нэмэгдүүлэх талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-365 мянган хүн амтай Баянзүрх, Налайх дүүрэгт гурван мандат байгаа. Нэг гишүүн 120 мянган хүнийг төлөөлж байна. Гэтэл Архангай аймаг 94 мянган хүн амтай, хоёр мандаттай. Ойролцоогоор Архангай аймгаас сонгогдсон нэг УИХ-ын гишүүн 47 мянган хүнийг төлөөлж байна гэсэн үг. Дундговь аймаг 45 мянган хүн амтай, нэг мандаттай. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн нэг гишүүн 100 гаруй мянган хүнийг төлөөлж байна. Хэнтий аймаг 72 мянган хүн амтай, хоёр мандаттай. Тэгэхээр мандатын шударга бус төлөөлөл, мандатын шударга бус хуваарилалтын зарчмыг өөрчилье гэдэг саналыг иргэд олон нийт, улс төрийн намуудын зүгээс тавьж байгаа. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар сая 400 мянган хүн амьдарч байна гэдэг. Гэтэл 48 мандатын 14 нь Улаанбаатарт, 34 нь хөдөө орон нутагт хуваарилагдаж байна. 14 гишүүн Улаанбаатар хотын сая 400 мянган хүнийг төлөөлж ажиллаж байна гэсэн үг. Үүнийг өөрчилье гэж байгаа юм. Хүн амын тал нь Улаанбаатарт амьдарч байхад мандатын хуваарилалт шударга бус байна. Тиймээс хүн амынхаа тоотой ойролцоо байхаар мандатаа хуваарилах саналтай байгаа. Ингэх юм бол Улаанбаатарт 22 мандат оногдох юм. Хөдөө орон нутагт 26 мандат оногдоно. Төлөөллийн ардчиллын тэгш зарчимд нийцүүлж, мандатын тоог шударга хуваарилахыг хүсч байна гэдгээ хэлье. Улаанбаатарт хуваарилагдах мандатын тоог нэмэгдүүлье. Баянзүрх, Налайх дүүргийг гуравхан гишүүн төлөөлдөг биш тав, зургаан гишүүн төлөөлдөг болгоё гэж байгаа юм хэмээлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ