Үнэн мөнийг олж, нийтэд ил гаргаасай хүсэж байна

“Ирвэс хамгаалах сан” ТББ-ын биологич, ирвэс судлаач Т.Лхагвасүмбэрэл агсны гэгээн дурсгалыг хүндэтгэж 1000 гэрэлт зул өргөх ёслол өчигдөр орой Сүхбаатарын талбайд боллоо. Энэхүү арга хэмжээг иргэн Н.Баттуул санаачилж, хэсэг нөхдийн хамт зохион байгуулав. Гэрэлт зул өргөх ёслолд 300 орчим иргэн ирж оролцсон.
УИХ-ын гишүүн Г.Уянга
Харамсалтай үйл явдал болсон. Талийгаач залуу бол их ховорхон, байгаль, эх орондоо хайртай залуу байсан гэж амьдралынх нь намтар түүхийг судлаад үзэхэд ойлгогдсон. Бид өмнө нь мэддэггүй байлаа. Олонх залуус хот руу тэмүүлж буй энэ үед хөдөө рүүгээ, байгаль орчин руугаа тэмүүлдэг залуус ховордсон цагт үнэхээр гайхамшигтай мундаг залуу байжээ гэж бодож ихээхэн харамсаж байна.
Олон хүмүүст байгаль орчноо хамгаалах гэж яваад, Тост тосон бумын нуруу тэнд амьдардаг зэрлэг амьтад араатан жигүүртнээ хамгаалах гэж яваад үрэгдэв үү дээ гэсэн таамаглал байгаа. Надад ч бас тийм таамаглал байна.
Цагдаагийн урьдчилсан мэдээллээр таагүй мэдээлэл гарсан. Тэрхүү мэдээллийн дараа дахин нэг бичлэг ил болсон. Тэр бичлэгт талийгаач хотоос гарахдаа ганцаараа яваагүй нь, өөр хүн машиныг барьж явсан нь харагдсан. Манай цагдаагийн ажлаа сайн хийж чаддаг хүмүүс, ялангуяа хүн амины хэргийг илрүүлэхдээ муугүй ажилладаг. Тиймээс итгэлтэйгээр харж байна. Энэ хэрэгт ингэж олноороо анхаарч байгаа нь сайн. Энэ зөвхөн талийгаач залуугийн ар гэрийнхний асуудал биш. Монголын байгаль, ашигт малтмалд шунасан харийнхны үйлдэл эцэстээ ийм байдалд хүргэж байгаа юм биш биз гэдэг бодол монгол хүмүүсийг түгшээж байна.
Иргэн Н.Баттуул
Миний хувьд энэ арга хэмжээг сайн дураар зохион байгуулж байна. Талийгаачтай ойр байж, хамтарч ажиллаж байсангүй. Монголын нэг сайхан хүү ингэж амиа алдсанд маш харамсалтай байна. Энэ залуугийнхаа араас буян үйлдэхээр энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар болсон. Цагдаагийн байгууллагаас хэргийг мөрдөж байна. Иргэд нэгдэж, үнэн зөвийг мэдэхийг хүсэх хэрэгтэй. Монголынхоо сайн сайхны төлөө нэгдэх ёстой. Нийгэмд зөв зүйл хийж буй залуусаа битгий ганцаардуулаасай, тэднийгээ дэмждэг байя. Ам үйлдэл хоёроо ижил байлгая гэж хэлмээр байна.
Иргэн Ц.Сүхбаатар
Эх орон газар шороог хувааж идэх гэсэн, тэдний гар хөл болсон хүмүүсийн хийсэн ажил. Тэрнээс зориолг, тэмүүлэлтэй, сэтгэлийн хаттай залуу амиа хорлоно гэж санаанд багтахгүй байна. Дээрээс улс төрчдийн дарамт шахалт ирж, хүчний байгууллагууд асуудлыг шийдэж чадахгүй байх шиг. Тогтолцоо нь ийм болчихсон, тэр цагдаа үнэнийг хэлвэл ажилгүй, амьдралгүй болно. Энэ шат дараалсан үйл ажиллагаа нийгэмд тархчихаж.
Тост тосон бумбад нэг ч лиценз олгох ёсгүй. Эх орончдоо орхиод яваад байх юм бол монгол эзэнгүй болно. Ер нь ялзарсан нийгэмд үнэний төлөө явж байгаа хүмүүст дарамт шахалт байнга ирдэг. Ард түмэн нэгдэж үнэний төлөө явж, ганцаардаж байгаа хүмүүсээ сонсож, хайрлаж, хамгаадах хэрэгтэй байна.
Өнөөдөр энд олон залуу ирж, залуус сэрчихсэн байна. Ард түмнийг басаж болохгүй. Монголчууд хүлээцтэй, тэвчээртэй ард түмэн, хангалттай хүлээлээ.
Талийгаачийн авга ах Ж.Ганболд
Миний дүүгийн бурхан болсон, бидэнд тохиолдсон хүнд уй гашууг хуваалцаж байгаа монголын ард түмэн та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна. Миний дүү бол байгаль орчныхоо төлөө чин шударга, чинхүү үнэнч замаар явж байсан мундаг мэргэжилтэн гэдгийг бид хүлээн зөвшөөрч байна. Өнөөдрийн арга хэмжээг санаачилсан хүнд чин сэтгэлээсээ баярлалаа, ийм юм бас байдаг л юм байна миний дүүгийн төлөө ийм юм хийнэ үнэндээ мэдрээгүй явжээ. Миний хүү байгалть орчин ажил амьдралынхаа төлөө явж байгаад амь эрсэдсэнд үнэхээр харамсаж байна. Үгээр хэлшгүй муухай юм болчихоод байна. Монголын хууль, хяналтын байгууллага үнэн мөнийг олж, чин шударгаар олон нийтэд гаргаж тавиасай гэж хүсэж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ