Шороон түмэн хүнээ шоргоолж шиг ажиллуулах шинэ Хятад

Та бүгдийн энэ удаагийн аялалын хөтөлбөрт ч өмнө нь хаалттай байсан ертөнцийн үүд хаалгыг нээх болно” хэмээн албан ёсных авч чин сэтгэлээсээ өгүүлэх Хятадын Энхтайван хөгжлийн сангийн дэд дарга, хатагтай Улаанбаатараас очсон хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ онцолж байсныг зориуд энд дурьдахын учир Монголын сэтгүүлчдийн багийнханд Хятадын CCTV, “People .cn” сүлжээ, өдөр тутмын “China daily” сонин, орон нутгийн Хунань телевизээс гадна дэлхийд хөнгөн цагаан, гангын үйлдвэрлэлээ тэргүүлэгч “Чайналко” компани, хүнд машин механизмын SANY компани гээд нэгэн цагт эх баригч коммунист намын үзэл суртлын хэлтсээс шууд хамааралтай төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах боломжийг олгосныг өгүүлэх гэсэн хэрэг.
Цахим ертөнц, мэдээллийн эрин зуунд Хятад тэргүүлэгч үү, дагалдагч улс байх уу гэдгээ урд хөршийнхөн маань юун түрүүнд тодорхойлох шилжилтийн үедээ явааг хэвлэл мэдээллийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах явц аандаа хэлээд өгөх юм билээ. Дэлхийд өөрийн зайг баттай эзэлж чадсан цөөн телевизүүдийн нэг CCTV өдөр тутмын “China daily” сонины үйл ажиллагаатай танилцах мөчид төрсөн сэтгэгдэл гэвэл эдний аль нь ч мэдээллийн ханаж цадахыг үл мэдэх “мангас”-ууд гэлтэй. CCTV гэхэд 2700 гаруй сэтгүүлчтэй, 31 мужид салбартай аж. Бидэнд тус телевизийн “Шинэ мэдээ” төвийн дарга бүсгүй тосч уулзан хөтөч хийв. Тэрбээр өмнө нь мэдээ төлөвлөлтийн хэлтэст ажиллаж байгаад албан тушаал дэвшсэн нэгэн. CCTV-ийн онцлог гэвэл зөвхөн цаг үеийн мэдээллээр хангах үүргийг үзэгчдийнхээ өмнө хүлээх агаад энэ үүднээс “Шинэ мэдээ” төв 24 цаг тасралтгүй ажиллах учиртай. Дээр дурьдсан 2700 гаруй сэтгүүлчийн 1800 нь тус төвд хамааралтайн дээр “Ерөнхий мэдээний суваг”, “24 цагийн мэдээний суваг”, “ Англи, франц, орос, испани гэсэн гадаад мэдээний албатай бөгөөд хилийн чинадад 70 гаруй студи ажилладаг гээд төсөөл дөө.
Дэлхий бөөрөнхий, хүний амьдрал элдэв зүйлээр баян учраас мэдээллийн араас гутлынхаа улыг эргэтэл, шороон царайтай болтлоо хөөцөлдөхийн зовлонг CCTV-ийн сэтгүүлчид мэддэггүй биз ээ. Бээжин хотын баруун захын тойргийн төв хэсэгт орших телевизийн цамхагт Хятадын сэтгүүлчид тохь тухтай орчинд өөр өөрийн ажлыг чимээгүйхэн хийх ч бүх зүйл намын хяналт дор явагддаг учраас бидэн шиг мэдээллийн орон зайд дураар тонгочихгүй нь тиймхэн юм даа. Гэхдээ давст нуурын шувуу нуурандаа жаргалтай гэдгээр автомат нэгэн хэв маягаар хэдхэн өгүүлбэр дотор эргэлдэх нь биед амар ч юм уу. Тус алба дэргэдээ “Чухал мэдээ” сайттай. Тус сайтад өдөрт 200 гаруй уншигч зочилдог гэхээр аугаа байгаа биз. Бидэнд сайтынхаа ярилцлага, шоу арга хэмжээнд зориулсан студийг сонирхуулсан. Тоног төхөөрөмж, гэрэлтүүлгийн тухайд магтахад ч үг ховордож мэдэхээр, тийм тансаг. Сайтын сэтгүүлчдэдээ онцгой тохиолдолд 15 минут тутамд мэдээллээ газар дээрээс нь дамжуулахыг шаарддаг гэж байсан.
Дашрамд сонирхуулахад, Монголын сэтгүүлчид мөнөөх шулуун зангаараа CCTV-ийн сэтгүүлч ямар цалин авдгийг нь асуугаад амжсан. Нэг их ачаалал үүрэлгүйгээр өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээд явахад сард 6000 гаруй юань гэнэ. Дээр нь урамшлуулал авдаг бөгөөд нийт орлогоосоо таван төрлийн татвар төлөх учиртай. Телевизийн удирдлагууд сансрын хиймэл дагуул ашиглан мэдээллээ цацах бус өөрийн брэнд бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах бодлого баримтлан ажиллаж байгаа юм билээ. Энэ хүрээнд дэргэдээ LETV брэндийн телевиз, гар утасны үйлдвэрийг бий болгожээ. Мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн гэж хэлж болохуйц LETV нь хөнгөн нимгэн, гаралтын тухайд өөлөх юмгүй гайхамшигтай агаад гар утаснаасаа ч удирдаж болдог давуу талтайн дээр CCTV үзэгчдэд зориулан бас нэгэн үйлчилгээг нэмж үйлдвэрлэж эхэлжээ.
Энэ нь үзэгч үзэж буй мэдээллээ дэлгэрүүлэх хүсэлтэй бол холбоотой бүхий л мэдээллийг нэг дороос олж үзэх архивыг мэдээллийн сандаа бүрдүүлж чаджээ. Мөн программын сан нь 5000 агаад үзэгч хайж байгаа сувгаа өөрийн дуу хоолойгоор хэлэхэд л тэр суваг гарч эхэлнэ хэмээх нэмэлт тайлбарыг хөтөч маань өгсөн. 2004 онд интернет сүлжээ ашиглан видео бичлэг цацаж эхэлсэн тус телевиз нь хувьцаагаа зах зээлд гаргаж эхэлсээс хойш 100 тэрбум юанийн ашиг олсон байна. Өнгөрсөн оны байдлаар эднийх шинэ технологи бүхий LETV –ээ зах зээлд нийлүүлснээс гурван саяын борлуулттай ажилласан бол гар утасны борлуулалтаараа дотооддоо тэргүүлжээ. Маркетингийн тухайд үнэнч хэрэглэгчдээ урамшуулан ашиглаж байгаа телевиз, утсаа шинэчлэх хүсэлтэй бол үнийн зөрүү төлөөд хуучнаа солих үйлчилгээг санал болгож байгаа гэсэн.
LETV гар утасны тухайд интернет сүлжээ ашиглан телевиз болон видео бичлэг үзэх, хэрэгцээ шаардлагатай гэж үзсэн тохиолдолд мэдээлэл бэлтгэн CCTV-ийн шуурхай мэдээллийн санд нийлүүлэх зэргээр давуу талтай аж. Энэ бүх эрх зөвхөн гишүүнчлэл бүхий иргэнд хамааралтай. CCTV-ийн санхүүжилт хэн бүхний сонирхлыг татах нь дамжиггүй. Төр нь нийт санхүүжилтийн 30 хувийг даах бөгөөд үлдсэн 70 хувиа реклам, зар сурталчилгаанаасаа олж авна. Нийт ашгийн ихэнх хувийг мэдээний дундуур цацсан сурталчилгаа, зохиогчийн эрхээс олсон хэмээн “Шинэ мэдээ” төвийн дарга тодотгосон. Орлогын нэг хэлбэр нь гишүүнчлэлийн татвар, үйлчилгээ авсны дараахь төлбөр гэж байсан. Мөн түүнчлэн АНУ-ын Лос–Анжелес, Цахиуртын хөндий, Бээжин гэсэн гурван том төвөөрөө дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт мэдээллээ цацдаг байна. Дэлхий дахинд мэдээллээ цацахын цаад зорилго бол мэдээжийн хэрэг тэр хэрээр гишүүнчлэлийнхээ тоог өсгөнө гэсэн үг.
Дэлхий дахин цаасан хэвлэлээс татгалзан цахим ертөнцтэй өглөө үдэшгүй хөөцөлдөх болсон энэ цаг үед өдөрт долоон сая хувь хэвлэгдэн тараагддаг “China daily” сонин дэргэдээ бас л “Шинэ мэдээ”-ний төвийг байгуулжээ. Телевизийг бодвол харьцангуй цөөн тооны боловсон хүчинтэй гэж хэлж болохуйц уг сонинд 2000 гаруй сэтгүүлч мөн л 24 цагаар ээлжлэн ажиллана. “Шинэ мэдээ” гэх улаан хамбан дээлээр өмсгөл зүүсгэлээ сольсон ч бүхий л насаараа бүсэлсэн бүс нь хуучнаараа юм билээ. Үүнийгээ уламжлалт хэв маягаа хадгалж үлдэх бодлого баримталж буй хэмээн тэрүүхэндээ цэвэрхэн нь аргагүй тайлбарласан.
Хэвлэл мэдээллийн зах зээлд орж ирсэн технологийн өөрчлөлтүүд түүн дотроо гар утсаа ашиглан сошиал ертөнцөөр бэдрэх залуучуудын эрхийг хязгаарлах аргагүй талаар тэд ч арга нь барагдсан шинжтэй өгүүлж байв. Тиймээс энэ орон зайд өөрийн тухайлбал, өдөр тутмын сонин хэрхэн “аж төрөх” тухайд их гүрнийхний мэргэдүүд ухаанаа уралдуулавч нэг л аргыг нь олохгүй байгаа бололтой. Тэр утгаараа технологийн үсрэнгүй хөгжлийн үеийг “Хахирган өвлийн үе” хэмээн томьёолжээ. Үүнийг хэрхэн давж гарах тал дээр “China daily” –ийнхэн нэгэн сонирхолтой судалгааг хийсэн байв. Хятадад өнөөдөр долоон сая хүн интернет ашиглан мэдээлэл авч байгаа аж. Нийт хүн амын тоо өнгөрсөн оны байдлаар тэрбум 400 сая гэж тоологдсоны 74 ,7 хувь буюу 10-30 насныхан сошиал ертөнцийн идэвхтэй гишүүд байгаа төдийгүй тэд өдөрт дор хаяж гурван цагийг гар утастайгаа ноцолдож өнгөрүүлж байгааг судалгаа харуулжээ. Ингэхдээ 146 минутад 150 удаа утасныхаа дэлгэцийг тогшин ямар нэг үйлдлийг хийдэг гэнэ.
Бас нэг жишээ, залуучууд хоолоо идэхийн өмнө хоолныхоо зургийг авч илгээчихээд идэх зуураа хичнээн хүн лайк дарсан бол хэмээн шалгана. Мөн ариун цэврийн өрөөнд суух цаг нь өдрөөс өдөрт уртасчээ. Телевиз ч хүч тэнцвэргүй өрсөлдөөнд нэрвэгдэн зах зээлээ алдан 65 наснаас дээш насныхан эсвэл хүүхдээ хараад гэртээ сууж байгаа эмэгтэйчүүд л үздэг байна. Энэ бүхэн уламжлалт хэвлэл мэдээллийн хөгжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хүч тэнцвэргүй өрсөлдөөнийг бий болгон цаасан хэвлэлд дарамт болж байна гэж сонины удирдлагууд Монголын сэтгүүлчидтэй уулзах үеэрээ онцолсон.
Түүнчлэн тус улсад хамгийн сүүлд нэвтэрч, хамгийн олон хүнийг араасаа дагуулсан ертөнц бол хувь хүний блог, wechat гэнэ. Аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчид сонин, сайт, телевизээр бараа бүтээгдэхүүнээ сурталчилж, мөнгөө үнэгүйдүүлснээс блог, wechat-ийг илүүд үзэх болсон нь ч хэвлэл мэдээллийн байгууллагыг зарим талаар дампуурал руу түлхэхэд нэрмээс болж байгаа гэв. Ийм байдлаас гарах хамгийн шилдэг арга нь өнөөдрийн байдлаар өөрийн хүчин чадлаар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх явдал хэмээцгээсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухайд өөрийн өмчийн сошиал мэдээг үйлдвэрлэх асуудал гэж ойлгож болно. Энэ утгаар Хятадын коммунист намын барьж буй бодлого хэвлэл мэдээллийн хэрэгслийг сошиал ертөнцийн зарчим руу шилжүүлэх цаг ирснийг XIII таван жилийн төлөвлөгөөнийхөө хэвлэл мэдээллийн салбартай холбоотой хэсэгт тод томруунаар тусгаж өгсөн байлаа.
Иймэрхүү уур амьсгал Хунань хотын телевизийн үйл ажиллагаатай танилцахад ч анзаарагдсан. Орон нутгийн телевиз гэхэд манай Үндэсний олон нийтийн телевизээс гурав дахин том байж мэдэх Хунань ТВ мөн л ам бүл олуул, 2000 шахам гэж дуулдсан. Биднийг зочлох үеэр бүх Хятадын од дуучдын “Би жинхэнэ дуучин” шоу нэвтрүүлгийн бэлтгэл явагдаж байв. Хонконгын алдартай дуучны бичлэг явагдаж, үзэгч пэнүүд нь бичлэгийн явцад садаа болохгүй гэсэн дээ чангахан ч амьсгалж чадахгүй дэмий л гараа гозогнуулан биеэрээ найгаж суух нь сэтгэлийн таашаал авч тэрүүхэндээ жаргаж байгаа бололтой. Манай дуучдыг тэдний адил өрсөлдүүлж, хэн нь бэ гэдгийг мэдэх юмсан, тэгвэл ч гэх явган яриа бидний дунд болоод өнгөрсөн.
Дуу бичлэгийнх нь танхим гэхэд манай Соёлын төв өргөөний тоглолтын танхимаас том юм билээ. Мөн л тэднийх өөрийн брэнд бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байгаа тухайгаа зочиддоо дуулган бас нэг төрлийн телевизийн үзүүлэлт, давуу талыг танилцуулсан. Дуу дүрсний нягтрал, оновчтой шийдлийн тухайд яриа алга. Гар утасны системтэй нь удирдлагаа холбочихжээ.
Хүнд даацын машин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээрээ дэлхийд мөртэй “SANY” компанийн үйл ажиллагаатай танилцах үеэр төрсөн сэтгэгдэл минь энэ. Далайн эргийн зөөлөн дулаан уур амьсгалтай энэ хотын аль ч гудамжинд хөл тавьсан автомашины сэлбэгийн том жижиг үйлдвэрүүдтэй алхам тутамд тааралдах юм билээ. Автобусны цонхоор харж явахад тагтан дээрээ угаасан хувцас, ор дэрний цагаан хэрэгслээ хатаахаар өлгөснийг нь харвал өргөө гэр нь баймаар ахиулах аваас доод давхарт нь машин засварын эсвэл сэлбэгийн үйлдвэрүүд болох нь тодорхой жижиг үйлдвэр хаяа залган хэдэн зуугаар оршино. Хэн нь хэнээсээ юу худалдаж авдаг юм бол гэж бодогдоод инээд хүрсэн. Гэвч их гүрэн бодлогоор жижиг үйлдвэрлэгчдээ дэмжин энгийн гар ажиллагаа шаардахуйц бүтээгдэхүүнээ тэднээр үйлдвэрлүүлэн түүнийг нь татаж аваад зах зээлд нийлүүлдэг байж мэднэ. Төрийн хар хайрцагны бодлого эндээс ч эхэлдэг байж болох юм.
Айлчлалын хүрээнд танилцсан “Сани” групп 1989 онд байгуулагдсан гэхээр харьцангуй залуу компани байгаа биз. Технологийн дэвшлийн гайхамшгийг “Сани”-гийнхан харуулж зочдоо алмайруулж орхисон. Өрөө хоорондын тусгаарлагч шилэн цонхыг ашиглан 3D төхөөрөмжөөр компаниа сурталчилсан. Үйлдвэрлэлийн район нь бараг манай зарим сумын төвөөс том. Нэг цехээс нөгөө рүү явахад автобусаар явахгүй л бол лав 30 минут шаардагдах байх. Үзэсгэлэнгийн танхимдаа улаан хивс дэвсэн үйлдвэрлэлийн бүхий технологийн шинэчлэлээ дэлгэжээ. Тэнд хамгийн анх үйлдвэрлэсэн, монголчуудын сайн мэдэх өргөгч кран, насос нь ч мөнхийн зогсоолдоо зогсч.
Харин хамгийн сонирхолтой, тэднээс суралцах, амьдралд нэвтрүүлбэл зохих зүйл бол үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагаа, ажилчдын тохь тух, байгальд ээлтэй технологи байлаа. Хүнд даацын машин үйлдвэрлэдэг угсралтын цех гэх утгаар нь энд тэндгүй гагнуурын оч гялс хийн төмрийн хүхрийн эхүүн үнэр хамар цоргин, гагнуурын цэнхэр утаа орчныг бүрхсэн тийм орчин угтана гэж санан амны хаалт мэтийн хөдөлмөр хамгааллын хэрэглэл өгөх байх гэж бодож байсан ч хэн ч юу ч тараагаагүй. Тэгтэл АНУ-д газар сайгүй таарах томоохон моолд явж байгаа юм шиг л усан оргилуурын үсчсэн ус хацар дух онож, халуун орны хулс модон төгөл дундуур яваад орчихсон. Цэвэр цэмцгэрийн тухайд шүдний эмнэлэг дайны. Тэгэх нь ээ, хүнд даацын машины үйлдвэрлэлд хүний оролцоо үгүй болжээ. Мэдээж тэр хэрээр ажиллах хүчний тоо цөөн байж таараа. Үйлдвэрлэлийн явцыг удирдах, хяналт тавих үүрэг бүхий программист инженер, оператор төдий хориод хүн л бүхэл бүтэн үйлдвэр дотор хаа нэгтээ явж харагдах. Энэ бүхнийг дурдахын учир зөвхөн халуун дулаан офиссын өрөөнд тухалдаг бус үйлдвэрлэлийн бааз орчныг ч цэцэрлэгт хүрээлэн мэт тохижуулж болдгийг хэлж өгөх гэсэн сэтгүүлчийн санаа юм. Мөн тэдний бас нэг гайхамшиг бол нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаа байдал. Үнэндээ тэд нийгмийн хариуцлагаа компанийн эрх ашгаас дээгүүр тавьдаг гэж танилцуулж байсан нь оргүй яриа биш аж.
Ганцхан жишээ дурдахад, “Сани” групп 2008 онд Хунаньд олон хоног үргэлжилсэн цасан шуурганаар шаардлагатай бүхий л тоног төхөөөрөмжийг илгээж байжээ. Сичуаны газар хөдлөлтөд өртсөн иргэдийг аврах ажилд оролцон нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн бол 2010 онд Чилийн уурхай газар хөдлөлтөд өртөхөд нурангид дарагдсан уурхайчдыг аврахад ихээхэн хувь нэмрээ оруулсан байх жишээний. Дашрамд сонирхуулахад, “Сани”-гийн хоёр ч бүтээгдэхүүн, 2007 ,2009 онд Гиннесийн дээд амжилтыг эвдсэн гэнэ. Яагаав өнөө бетон цутгадаг 66м ,72 метрийн насосууд. Энэ нь “Сани” зөвхөн Хятадынх бус дэлхийн компани гэдгийг батлах нотолгоо болсон нь дамжиггүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ