“Эко констракшн” аюулгүй ажиллагааны журам зөрчив үү

Барилга дээр ажиллаж байсан өргөгч кранаас дамнуурга унаж хүн гэмтжээ. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Эко констракшн” ХХК-ийн "Кинг товер" хотхоны барилга дээр ажиллаж байсан өргөгч кранаас дамнуурга унаж, арматурчин, Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд оршин суух хаягтай, 27 настай Э гэмтсэн байна. Уг хэргийг Хан-Уул дүүргийг цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Энэ тухай нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албаны эх сурвалжаас тодруулахад "Тийм осол гарсан. Бид шалгаж байна. Ослын шалтгааныг тогтоосон дүгнэлт маргааш гэхэд гарчихна" гэдэг хариултыг өгсөн.
Улаанбаатар хотод өдөртөө -20-25 хэм, шөнөдөө -36 хэм хүртэлх хүйтэнтэй, идэр дөрвөн есийн жавар тачигнаж байна. Гэхдээ тухайн барилгын компани аюулгүй байдлаа 100 хувь хангасан бол барилгын өвлийн улиралд барилгын ажил явуулж болохгүй гэсэн хууль, дүрэм байхгүй. Тиймдээ ч нийслэлд баригдаж буй цөөнгүй барилгуудын үйл ажиллагаа өнөөг хүртэл үргэлжилж байна. Гэхдээ цаг агаарын ийм нөхцөл байдал, хүйтэнд хүн, техник аль аль нь даарч, бээрч хөлдөж царцана. Хамгийн гол нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, аюулгүй ажиллагаа явагдах орчин нөхцлийг бүрдүүлэх нь чухал юм. Энэхүү шаардлага, хэрэгцээг хангаагүйгээс дээрх осол гарсныг ч үгүйсгэх аргагүй.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ