Монголоо бодоод 35 тэрбумаа нэхье

Жастин Капла. Энэ нэрийг санаж байна уу. “Саусгоби сэндс” компанийн гүйцэтгэх захирал асан, АНУ-ын иргэн энэ хүнд Монгол Улсын шүүх 2015 оны нэгдүгээр сарын 30-нд “Компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг зөрчиж 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсан” хэргээр ял оноосон. Түүнтэй хамт тус компанийн санхүүгийн ерөнхий менежер Филиппин улсын иргэн Кристобэл Ж.Дэвид, Хиларион В.Кажуком нар 5. 10 жил, 5.6 жилийн ял сонсож байв. Үйл явдлаас хойш сар ч болоогүй байхад (2015-02-26 өдөр) Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэдэнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлсөн билээ.
Түүх сөхөе. “Саусгоби ресурс” компани нь Монголын хуулийн байгууллагын анхааралд өртөх үедээ 100 хувь “Айвенхоу майнз”-ын эзэмшилд, түүний охин компани байсан. АТГ 2012-05-07-ны шөнө тауэрт байрлах “Саусгоби сэндс” компанийн оффисыг битүүмжилсэн билээ.
Одоо л Рио Тинтогийн “халхавчинд“ орж чимээ аниргүй болсноос биш цагтаа монголын нийгмийг бужигнуулж байсан “Айвенхоу майнз” нь Оюутолгойн орд газарт 2000 оноос өмнө хайгуул эхлүүлж, Ашигт малтмалын эцэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад нөлөөлж, Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулахаар Монголын улстөрчдийг олон жил тойглосон.
Тус компанийн удирдлагууд 2001-2003 оны сүүлийг хүртэл Ерөнхий сайд Н.Энхбаяртай ил далд уулзаж, ОХУ-д төлөх их өрийн төлбөр 250 сая ам.долларын тусламж үзүүлж, Ерөнхийлөгч асан Н.Багабандийг Төлөөлөн удирдах зөвлөлдөө багтаасан юм.
2006 оны төгсгөлд тус компани Рио Тинтотой стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, Рио Тинто улмаар Оюутолгойд шийдвэр гаргах эрх мэдэлтэй болж чадсан. Тодруулбал, Рио Тинто компани 2010 оны арванхоёрдугаар дугаар сард Айвенхоу Майнз компанийн хувьцааг эзэмших болсноор, Оюутолгой төслийг тэд хамтран удирдах болсон билээ.
Цаг хугацааг эргүүлэн харахад Оюутолгой төслийн удирдагчид С.Баяр Ц.Элбэгдорж нарын 2008 оны хавар ард түмэндээ хандаж хэлсэн “Хоёр том нам стратегийн ордуудыг нэг бодлогоор ашиглана. Монголын ард түмэн стратегийн ордуудын 50 хүртэлх хувийг эзэмших ёстой” гэсэн үгийг мартуулахад чухал нөлөө үзүүлсэн байх магадлал өндөртэй байдаг. Учир нь тэд сонгуулийн маргаашаас эхлэн 51 хувийн талаар нэг ч үг цухуйлгаагүйг эх сурвалжууд Оюутолгойн хөрөнгө оруулагчдийн үгэнд автсантай холбоотой гэж тайлбарлаж ирсэн юм.
2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа Оюутолгойн тогтвортой байдлын гэрээг байгуулах ажил эрчтэй урагшилсан. С.Баярын Засгийн газрын үзэглэсэн гэрээг бэлтгэх Ажлыг хэсгийг Эрчим хүчний сайд Д.Зоригт ахалж, орлогчоор Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар ажилласныг олон нийт мэднэ.
2012 онд Н.Алтанхуяг Ерөнхий сайд болоод Оюутолгойн баримтыг ухаж төнхөн, тогтвортой байдлын гэрээнд анхны хөрөнгө оруулалтыг 5.1 тэрбум ам.доллар гэж заасан байтал 7.1 тэрбум ам.долларт хүргэсэн, орд газрын техник, эдийн засгийн үндэслэл өөрчлөгдсөн, Оюутолгойн бүлэг ордын 30 хувийг “Entree Gold” нэртэй гадаадын өөр нэг компани эзэмшдэг болсон зэрэг булхайг илрүүлсэн билээ.
Үүнтэй зэрэгцэн С.Баярцогтын оффшор бүсэд нээсэн нууц данс ил болж, олныг алмайруулж байв. Гадны сэтгүүлчдийн дэлгэсэн энэ баримт бол Оюутолгой руу чиглэсэн шалгалтад хариу өгч, Оюутолгойгоор оролдвол та нарын фактыг ил болгоно гэсэн Рио Тинто, Айвенхоу Майнзын эздийн манай томчуудад өгсөн сануулга гэж улс төрийн хүрээнийхэн тайлбарладаг.
Харин ердөө жилийн өмнө Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээг ийн донсолгож байсан, Оюутолгойн ордын анхны эзэмшигч, “Айвенхоу майнз”-ын 100 хувь охин компани “Саусгоби ресурс” компанийн удирдлагууд татварын хэргээр ял эдэлж байгаад суллагдсан нь энэ.
Ерөнхийлөгчийн Монгол Улсад төлөх ёстой татвараас бултсан гадаадын иргэдэд үзүүлсэн өршөөл нийгэмд хурц маргаан дэгдээсэн бол Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа “Монгол оо бодоод ийм шийдвэр гаргалаа” хэмээн бичиж байлаа.
Харин нийгэмд олон нийт:
-Монголын шүүхэд олон улсын зүгээс дарамт шахалт ирсэн. АНУ-ын Элчин сайдын яам энэ талаар эсэргүүцсэн мэдэгдэл гарсан.
-Монгол дахь Америкийн худалдааны танхим “АНУ-ын Мянганы сорилтын сангаас Монголд үзүүлэх тусламжийн талаархи хоёрдугаар хэлэлцүүлгийг дэмжих боломжгүй боллоо” гэж мэдэгдсэн. 2015 онд АНУ-ын Мянганы Сорилтын сан манай улсад 500-750 сая долларын төсөл хэрэгжүүлэх боломжтой байсан бол энэ нь одоо зогсоход хүрээд байна.
-Ерөнхийлөгч гадаадын гурван иргэнийг 500 сая ам.доллараар л солиод суллачихлаа.
-Манай улсын эдийн засгийн үнэмлэхүй дийлэнх хэсэг татвараас бүрддэг. Улс гүрнүүд ард иргэдийн эрх ашгийг хамгаалах, ялангуяа төрийн болон төрийн бус байгууллага, тэдний албан хаагчдыг санхүүжүүлэх, нийгмийн халамжийн баталгааг хангах асуудлыг татварын бодлогоор шийддэг. Үндсэн хуульд зааснаар хүн бүр аж ахуйн нэгж бүр албан татвар төлөх үүрэгтэй. Хэрвээ энэ үндсэн үүргээ биелүүлээгүй бол Эрүүгийн хуульд заасан татвараас зайлсхийх гэсэн гэмт хэргээр хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Тэд татвараа төлөх ёстой.
-Жастин Капла нарт өршөөл үзүүснээр Монгол Улс дэлхий нийтийн өмнө нэр хүндээ барж байна. Монгол Улс өөрийн гэсэн шүүх хуультай, өөрийнхөө улс оронд учруулсан хохирлыг төрийн албадлагын механизмаар барагдуулж чадах үнэт зүйлстэй улс биш гэдгээ харуулав.
-Жастин Капла нарт уучлал үзүүлээгүй бол манай улсын нэр хүнд дэлхий нийтэд унах, цаашлаад гадны хөрөнгө оруулагчид “барьж хорьдог” гэх ойлголт төрнө.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж иргэдийнхээ өмнө Үндсэн хууль болон бусад хуулийг шударгаар биелүүлэх тухай ам өчгөө өгсөн хүн. Гэтэл үүнээсээ хазайж татвараас зугтсан хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла нарт уучлал үзүүлсэн нь буруу.
-Нутаг буцсан Жастин Капла нар 35 тэрбумын төлбөрөө төлөх үү гэх мэт олон байр суурийг дэлгэж байсан юм.
Монголчууд хэвлэл мэдээлэл цахим ертөнцөөр ийн маргаж байхад эрх чөлөөтэй болсон Жастин Капла эх орондоо хөл тавиад АНУ-ын хэвлэлүүд “Би маш аз жаргалтай байсан. Суллагдах хүртэлээ өршөөлийн мэдээнд итгэж өгөхгүй байсан. Тэд над дээр ирээд чи өнөөдөр гэртээ харина гэж хэлсэн. Энэ үед их сайхан байсан” хэмээн ярьсан бол АНУ-ын хэвлэл мэдээллийнхэн “Жастин Каплагийн эцэг эхийн сэтгэл эмтэрч Ерөнхийлөгч Барак Обама руу Монголын Ерөнхийлөгчид хандахыг хүсч өдөржингөө мэйл бичиж байсан” гэж мэдээлсэн байдаг. Цагтаа олны анхаарлын төвд байж, хүн болгоны ярьж байсан энэ сэдэв өнөөдөр их далайн гүнд шидэгдсэн чулуу шиг чимээ аниргүй болжээ.
Ийнхүү 2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн он жил дамнан “Саусгоби ресурс” компанийг шалгасан хууль хяналтын байгууллагынхны ажил талаар болсон юм. Үүний нөгөө талд төр татвараа төлөлгүй луу унжсан нэг гадаад компанийн өмнө буулт хийх байсан юм бол шалгалт шүүлэг явуулж, өрийн данс үүсгэн, татвар, цагдаа, прокурор, шүүх зэрэг төрийн гол гол байгууллагуудаа ажиллуулах хэрэг байсан юм гэж үү гэдэг асуулт заавал хөндөгдөх болно. Хэрэг явдлыг тоймлон харвал Жастин Капла нарыг Рио Тинто, Айвенхоу Майнзын эзэд “суга татсан” байж болзошгүй. Учир нь тэдэнд төслөө амжилттай хэрэгжүүлэх сонирхол бий.
Тэдэнд манай томчуудыг урхидсан халуун баримтууд ч байгаа. Рио Тинто, Айвенхоу Майнзын эзэд тэднийгээ нэг нэгээр нь дэлгээд эхэлбэл хэрэг бишдэх тул Жастин Капла нар өршөөгдсөн байх магадлалтай юм.
Гэхдээ Монголын төр тэднийг хорих ялаас чөлөөлсөн болохоос татварт төлөх ёстой өрнөөс салгаж, уучлаагүй” билээ. Харин энэ өр төлөгдсөн тухай ямар ч мэдээлэл алга. Өр төлсөн мэдээлэл мөн л их далайд шидэгдсэн чулуу шиг сураг алдарчээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн зун прокурорын байгууллагынхантай уулзахдаа “Зарим авлигачид салхилах гэж Монголд ирдэг болж” хэмээн хэлж байсан санагдана.
Тийм ээ, Монгол бол хэн нэгэн авлигач, хуулийн дээгүүр гишгэх санаагаа хэрэгжүүлж зүрхэлдэг гадны иргэдийн дураараа салхилдаг улс биш. Монголын төр Жастин Каплад төмөр нүүрээ харуулсан. Бас өршөөсөн. Нийгэм, эдийн засгийн хямрал хэр удаан үргэлжлэхийг хэн ч тооцож чадахгүй байна. Одоо Монголоо бодоод “Саусгоби ресурс” компани болон Жастин Капла нараас 35 тэрбум төгрөгийн татварын өрөө нэхье, Ерөнхийлөгчөө!
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ