Малайз улс руу хүн худалдаж байсан сүлжээг илрүүллээ

Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Малайз, БНСУ, БНХАУ-ын Эрээн, Хөх хот, Бээжин, Ганц мод, Цагаан хад зэрэг газар руу Монгол Улсын иргэдийг худалдаалсан. Мөн дотоод дахь саун, массажны газрууд, Саппоро, Хөдөө аж ахуйн автобусны буудал, Улаанбаатар зочид буудлын орчимд бусдын эрхшээлд орж, бэлгийн мөлжлөгт өртсөн 88 хохирогчтой, 31 холбогдогчтой 30 хэрэг, үйлдлийг илрүүлж, сэжигтэй 26 объект, гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцсон найман бүлгийн сүлжээг илрүүлэн ажиллаж байна.
Иргэн З, Д, Б, О, А, Г, Б нарын бүлгүүд нь үйлдэл, аргаараа өөр боловч насанд хүрээгүй дөрвөн иргэнийг түрээсийн байранд байрлуулж, удаа дараа зодож, гэмтэл учруулж, дарамтанд байлган, Улаанбаатар хотын нэр бүхий гурван объектод бусдад зарж биеийг нь үнэлүүлэх зорилгоор хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсныг тогтоон хохирогчдыг хамгаалалтад авчээ.
Мөн Б, С, Э, П, А, Л, А, А, Д зэрэг 31 этгээд Баянгол дүүргийн 1, 4, 45, 14, 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт найман объектод гулгаа массаж, үсчин маникюр гэх халхавчаар бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулж, Фижи арал улсын хоёр иргэнийг англи хэлний багшаар ажиллуулахаар авчирч хөдөлмөрийн мөлжлөгт оруулсан нь тогтоогдсон байна.
Үүгээр зогсохгүй Малайз улсын Куала Лумпур хот, БНХАУ-ын Эрээн, Ганц мод, Сэхэ гэх газрууд руу хил давуулан бусдыг худалдаж бэлгийн мөлжлөгт оруулсан, 9911, 8811 зэрэг дараа төлбөрт дугаарууд руу биеэ үнэлэх агуулга бүхий мессеж илгээн, харилцаа тогтоож бусдыг далайлган сүрдүүлж, удаа дараа бусдаас мөнгө залилсан зэрэг эрүүгийн 15 тоот хэргүүдийг илрүүлэн Эрүүгийн цагдаагийн газар болон дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн мөрдөн байцаах тасагт шалгагдаж байна.
Түүнчлэн монгол охид бүсгүйчүүдийг Малайз улсын Куала Лумпур хотод байрлах нэр бүхий зочид буудал, массажны газруудад бэлгийн мөлжлөгт оруулах хэлбэрээр хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэж байсан сүлжээг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс илрүүлэн шалгаж эхэллээ.
Сэжигтэй этгээдүүд нь хохирогчдын тийзийг Малайз улсаас захиалан Улаанбаатар-Куала-Лумпур хот хүртэлх зардлыг гаргаж, улмсаар электрон тасалбарыг Монгол дахь зуучлагч этгээдээр дамжуулан хохирогчдод өгдөг байсан нь хохирогчдын мэдүүлгээр тогтоогдсон байна.
Дээрх этгээдүүд 2015 оны гуравдугаар сараас хойш нийт гурван удаагийн тээвэрлэлтээр 12 монгол эмэгтэйг “Өндөр цалинтай ажилд оруулна” гэж Малайз улс руу хил давуулан худалдаалж, зуучлалын хөлсөнд 500.000-2.000.000 орчим төгрөгийн урамшуулал бэлнээр авдаг байсан байж болзошгүй байдал тогтоогдож буй аж.
Уг зохион байгуулалттай ажлыг Монголд Улаанбаатарт амьдардаг “Б” гэгч хариуцдаг бол Монгол Улсын иргэн “Н” охид, эмэгтэйчүүдийг Малайз улсад очих үед хүлээн авч, цааш нь Малайз улсын иргэн “А” гэгчид шилжүүлэн биеэ үнэлэх үйлчилгээ үзүүлдэг зочид буудал, саун массажны газруудад аваачиж, бэлгийн мөлжлөгт оруулдаг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ.
Одоогийн байдлаар 1983-1996 онд төрсөн нийт 12 хохирогчийг тогтоож, Захиалагч “Н”-ийг 2016 оны нэгдүгээр сард Малайз улс руу буцахаар онгоцны тасалбараа захиалан явах гэж байх үед нь Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрээс, сэжигтэй этгээд “Б”-г 2016 оны нэгдүгээр сарын 11-ний нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус баривчилжээ.
Тэдэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Эрүүгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ