Хүүхэд хулгайлж хэт даврагч болгодог

НҮБ-ын Аюулгүй зөвлөл “2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны аравдугаар сарын 31-ны хооронд хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн террорист дайралтын улмаас 18 мянган хүн амиа алдсан” гэж мэдэгдсэн тухай “www.usatoday.com” дамжууллаа.
Уг бүлэглэл Иракийн Мосул болон Рамади хотод хяналтаа тогтоосны дараа эдгээр иргэд амиа алдсан хэмээн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Амиа алдагсдын 24 хувь нь 18-25 насны эмэгтэйчүүд болохыг тогтоожээ.
Өнгөрөгч онд хэт даврагчид Мосул хотоос 800 хүүхэд хулгайлсан байна. Хулгайлсан хүүхдүүдээ насаар ангилж, тусгай хөтөлбөрөөр алан хядагч болгон бэлддэг аж. Тус бүлэглэл 5-10 насны хөвгүүдийг шашны үзэл бодолд сургадаг бол 10-15 насны хөвгүүдийг жинхэнэ практикийн дадлага буюу амиа золиослох, зэвсэгт халдлага зэрэгт оролцуулдаг байна.
Хэт даврагчид хөвгүүдээс гадна бага насны 300 гаруй охиныг хулгайлж, бэлгийн боолчлолд байлгадаг гэнэ. Бэлгийн боолчлолд байгаа охид 7-12 настай аж.
Хэт даврагчдаас гадна тус улсын армийнхан энгийн иргэдийн амь насанд заналхийлж, аминд нь хүрсэн тохиолдлууд цөөнгүй бүртгэгдсэн байна. НҮБ-аас армийнхны уг үйлдлийг “Дайны гэмт хэрэг” хэмээн мэдэгджээ. Өнгөрсөн онд зөвхөн армийн дайчдын гарт 400 гаруй хүн амиа алдсан гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ