З.Баянсэлэнгийн тоглолт

УИХ-ын бүсгүйчүүдийн нэг З.Баянсэлэнгэ намын бүлэгтээ чамгүй том байр суурь эзэлдгийг харуулах үйл явдлууд өрнөж байна. Тэр сүүлийн үед намын бүлэгтээ төдийгүй парламентын танхимд ч “том” байгаа. Дургүй нь хүргэсэн гишүүдийг загнаж зандрах нь ч энүүхэнд. Өчигдөр л гэхэд З.Баянсэлэнгийн гарын үсэгтэй бичгээр байнгын хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав. Намын бүлгийн дэд даргад ийм эрх мэдэл байгаа гэсэн үгээр спикер гишүүдийн амыг тагласнаар асуудал шийдэгдэж, Н.Батцэрэг Төрийн байгуулалтын байнгын хорооноос жийгдэв.
Уг нь Шударга ёс эвслийн бүлгийн дарга нь Н.Батцэрэг. Гэвч энэ бүлгээс гарч байгаа шийдвэр дэд даргын үзэмжээр явдаг гэхэд хилсдэхгүй биз.
З.Баянсэлэнгэ дэд даргын гарын үсэгтэй бас нэг бичиг өнөөдрийн сэдэв болж байна. Тэр нь ИЗНН-тай нэгдэх тухай. УИХ-д ганцхан суудалтай ИЗНН-ын үг хүчгүйдэж, шийдвэр гаргах түвшинд нөлөөлж чадахгүй байгаа учраас бид тусална, дэмжинэ гэсэн утгатай бичиг Шударга ёс эвслийн бүлгээс Н.Батцэрэгийн бус З.Баянсэлэнгийн гарын үсэгтэй илгээгджээ.
ИЗНН-ынхан тус бичгийг нааштайгаар хүлээн авбал С.Оюун, С.Дэмбэрэл нар Шударга ёс эвслийн бүлгийн хуралд суух эрхтэй болох гэнэ. Мөн ирэх сонгуульд ч нэгдэж, нийлээд орох үүд хаалга нээгдэх учраас саналыг нь нухацтай бодож үзэхийг хичээгүйлэн хүсчээ.
Хүний шуналд хязгаар үгүй. МҮАН-тай нэгдэж байгуулсан Шударга ёс эвслийн бүлэг тийм ч хангалттай биш байгаа бололтой. УИХ-д сул байгаа ИЗНН-ыг эгнээндээ нэгтгэж, хүчээ улам зузаатгахыг хүсчээ. Албан бичигт дурьдсанчлан төрийн хууль тогтоох үйл ажиллагааны анхаарлын төвд бат найдвартай байр суурь эзлэх хүссэн нь энэ. Харин ИЗНН ямар хариу өгөх нь одоогоор тодорхойгүй байна. АН-тай нэгдэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн С.Оюун гишүүн МАХН-тай дөрөө харшуулах болов уу.
МАХН-ын дарга Н.Энхбаяр Төрийн ордноор хааяадаа “салхилдаг”. Ихэвчлэн сандал, ширээний асуудал яригдах үед ордонд саатаж, үүрэг даалгавар өгдөг. Харин байнгын үйл ажиллагааг нь З.Баянсэлэнгэ дэд дарга эрхэлж, Төрийн ордонд түүний дүрийг бүтээж яваа. Даргынхаа “хойд” дүрийг ч гайхалтайгаар бүтээж, улс төрийн тоглолтыг нь ч үргэлжлүүлж байна.
В.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ