Тагнуулчийг хороох тушаалыг Путин өгсөн үү

ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын агентлаг буюу “КГБ”-ийн тагнуулчаар ажиллаж байсан Александр Литвиненко 2006 оны арванэгдүгээр сард Лондонд эмчлүүлж байгаад “полони” гэх бодист хордож, 20 хоногийн дараа амиа алдсан билээ. Британийн нийслэл Лондон хотноо өчигдөр уг хэрэгтээ холбогдуулан шүүх ажиллагаа болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
“ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тагнуулчийг алах тушаал өгсөн байх магадлалтай” хэмээн Британийн шүүхээс сэтгүүлчдэд мэдэгджээ. Британийн шүүгч Роберт Оуэн “Энэхүү аллагын захиалгыг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын агентлагийн дарга Николай Патрушев болон Ерөнхийлөгч Путин нар өгсөн байх магадлалтай” гэсэн байна.
Хэргийг эргэн сануулбал, тагнуулч эр амиа алдахаасаа өмнө хамт ажилладаг Андрей Луговой, Дмитрий Ковтун нартай уулзсан байна. Уг уулзалтын дараа тагнуулч “полони”-д хордож, эмнэлэгт хүргэгджээ. Тэд Литвиненкотой уулзах үедээ кофенд хор хийсэн байх хэмээн сэжиглэж байсан юм. Тэднийг уг хэрэгтэй холбоотой хэмээн Британи үзэж, байцаалт авахыг хүссэн ч Оросын удирдлагууд тэднийг Британид хүлээлгэн өгөхөөс татгалзсан билээ. Тиймээс тэднийг тагнуулчийн үхэлтэй холбоотой эсэхийг албан ёсоор баталж чадаагүй юм.
Уг дуулианы дараа Андрей Луговой Төрийн думын гишүүн болсон бол Дмитрий Ковтун албаасаа чөлөөлөгдөж, хувийн бизнес эрхлэх болсон. Путин өнгөрсөн оны гуравдугаар сард Луговойг парламентын тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Эх орны гавьяаны II” одонгоор шагнажээ. Энэхүү явдлын дараа хэвлэлүүд “Путин, Александр Литвиненкогийн хэргийн сэжигтэнг шагналаа” хэмээн шуугисан байна.
Литвиненкогийн хувьд Путиний улс төрийн бодлогыг хүчтэй шүүмжилдэг байсан юм. Британийн удирдлагууд энэхүү хэргийн ард “Путин болон түүний дэмжигчид байгаа” гэдэг бол Кремль “Тагнуулчийн үхэлтэй бид холбоогүй” хэмээн мэдэгдсээр байгаа билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ