Саналаа татах улс төрийн зориг байна уу?

Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг энэ долоо хоногт шийдвэрлэнэ. Дубайн гэрээ Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн гэж Г.Уянга гарын 20 гишүүн гарын үсэг зурж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал өргөн бариад байгаа. Гэхдээ Р.Амаржаргал гишүүн байр сууриа өөрчилснөө мэдэгдсэн.
Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход хагас жил хүрэхгүй хугацаа үлдсэн. Тиймээс ч Засгийн газрыг огцруулах цаг мөн үү, биш үү гэдэг дээр цэц булаалдаж байна. Алдаа гаргасан бол цаг хугацааг эс хамаарч хариуцлага тооцох ёстой гэж Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан нэр бүхий гишүүн болон сөрөг хүчин үзэж байгаа. Харин АН болон “Шударга ёс” эвслийн зүгээс сонгуулийн жил Засгийн газрыг тогтвортой байлгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм.
Авсан цалин нь амьдралд хүрэлцэхгүй, банкны зээлээ төлөх үү, баярын бэлтгэлээ базаах уу гээд бүсээ чангаас чанга бүслэн зүтгэж байгаа энэ өдрүүдэд Засгийн газрыг огцруулах асуудал иргэдийн дургүй зэвүү хоёрыг зэрэг хүргэсэн мэдээлэл байлаа. Нэг хэсэг нь Засгийг огцруулах хариуцлага тооцох нэрийдлээр хорслоо тайлах, нөгөө хэсэг нь албан тушаалын төлөө улайран намтрын хуудсаа нэмэхийн аль аль нь ард иргэд хийгээд улс оронд ашиггүй тоглолт. Эдийн засгийн хүндрэл, санхүүгийн хямралтай, сонгууль угтсан энэ өдрүүдэд Засгийн газрыг унагаж нийгмийн бухимдал дээр тос нэмэх шаардлага байсан уу.
Засаг солигдож тогтворгүй байх нь нийгмийн ороо бусгаа байдлыг улам дэврээдэг. Ерөнхий сайдыг огцруулах асуудал өргөн баригдсанаар манай улсад орж ирэх хөрөнгө оруулалт түр зогссон гэх яриа ч түгсэн. Учир нь гадаадын хөрөнгө оруулагчид санхүүжилт хийхдээ улс төрийн тогтвортой байдлыг харгалздаг. Гэтэл Засгийн газар нь дэнжигнэх сургаар манай руу орж ирэх хөрөнгө оруулалтаа ч түр түдгэлзүүлсэн гэх мессэж явж байна. Төлөвлөсөн хөрөнгө оруулалт орж ирэхгүй удаашрах, зогсохын хэрээр төсөв төлөвлөгөө тасалдах нь иргэдийн амьжиргаанд шууд мэдрэгддэг. Тиймээс л Ерөнхий сайд хэн байх нь чухал биш, зөвхөн ганц улирлын настай Засгийн газраар бид яах вэ.
Хэрвээ гарын үсэг зурсан гишүүнээс нэг нь нэрээ татвал Ерөнхий сайдыг огцруулах санал хүчингүй болно. Учир нь Р.Амаржаргал гишүүн байр сууриа өөрчилснөө нэгэнтээ мэдэгдсэн. Ерөнхий сайдыг огцруулах саналыг 19 гишүүний гарын үсэг зурж өргөн барьдаг.
Ер нь Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн барьсан Г.Уянга нарын 3 гишүүнийг саналаа татахыг “Шударга ёс” эвслийн бүлгээс шаардсан юм билээ. Уг нь сонгуульд нэгдэн орж ялалт байгуулаад эрх баригчидтай Засгийн газарт хамтарч байгаа эвслийн бүлэг олонхийнхоо саналаар асуудалд хандах учиртай. Гэвч олонхийн байр суурийг бус өөрсдийн амбицаар “шуудайд чихсэн үхрийн эвэр” зүтгэдэг эвслийн бүлгийн гишүүд багийн бус ганцаарчилсан тоглолтоосоо ухрахгүй гэдгээ мэдэгдсэн байна лээ. Бие даагч гишүүд, тэр дундаа саяхан ХҮН-ын даргаар сонгогдсон С.Ганбаатар гишүүн саналаа ухрахгүй нь тодорхой. Харин МАН-ынхантай эрх баригчид улс төрийн зөвшилцөлд хүрч чадах эсэхээс асуудал сунжрах үгүй нь хамаарна. Уг нь энэ үе Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх цаг биш гэдгийг сөрөг хүчнийхэн хамгийн сайн мэднэ. Сонгуулийн энэ жил өрсөлдөгчийнхөө алдааг намнаж, өөрсдөдөө оноо цуглуулах ажиллагаа нам төдийгүй хувь улстөрчдөд хүчтэй явагдаж байна. Сонгуулийн хугацаа дөхөхийн хэрээр улс төржилт бүр ч гаарч, хаврын хавсрагаас ч илүү хавирга, зүрхийг нэвт сүлбэх биз.
Харин өнөөдөр төр, засгийн тогтвортой байдлыг бодолцоод Засгийн газрыг огцруулах саналд гарын үсэг зурсан гишүүдийнхээ нэрийг татуулах улс төрийн шийдэлд хүрч, шийдвэр гаргачихвал ямар вэ, МАН-ынхан. Сөрөг хүчин гэж сөргөөцөлдөж, сөрж байхын нэр бус. Заримдаа тэмцэх биш тэсээд өнгөрөх үе гардаг гэдэг. Тэгвэл тэр цаг үе нь өнөөдөр ирж. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг өмгөөлж хамгаалж, эрх баригчдад бууж өгч байгаадаа бус улс орноо бодоод байр сууриа өөрчлөх улс төрийн зоригийг өнөөдрийн цаг үе шаардаж байна. Хэрхэхийг харж л байя, бүгдээрээ.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ