Эрх зүйн шинэчлэлийн хүрээнд сургалтын хөтөлбөр, агуулгад өөрчлөлт орно

Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнгөрөгч баасан гарагт Хууль сахиулахын их сургуулийн удирдлага, багш нартай уулзаж эрх зүйн шинэчлэлийн хүрээнд сургалтын хөтөлбөр, агуулгыг өөрчлөх талаар үүрэг чиглэл өгөв.
Тэрбээр "Хуулийн мэргэжилтэн бэлтгэж байгаа бүх их, дээд сургуулиуд шинээр батлагдсан хуулиуд болон эрхзүйн шинэчлэлтэй холбоотойгоор сургалтын хөтөлбөрөө өөрчлөх хэрэгтэй болоод байна. Хууль зүйн яамны зүгээс энэ чиглэлээр бодлого гаргасан.
Төрийн болон хувийн их, дээд сургуулиудын багш нарыг бэлтгэж, практик дээр ажиллаж байгаа хүмүүсийг хууль үйлчилж эхлэх хүртэлх хугацаанд шат дараатай сургалтад хамруулж, тодорхой мэдлэг олгох чиглэлд анхаарал хандуулна" гэлээ. Хууль сахиулахын их сургууль нь үндсэн гол мэргэжилтнүүдийг бэлтгэдэг сургууль тул энэ бодлогод хамрагдах юм.
Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахын тулд хоёр төрлийн сургалт зохион байгуулахаар болжээ. Жирийн цагдаагийн сургалт хоёр жилээс доошгүй хугацаанд явагдах аж. Харин цагдаагийн байгууллагад анхан шатны нэгжээс эхлэн ажилласан залуу, шилдэг боловсон хүчнийг сонгож, цагдаагийн офицер, мөрдөгч нарыг бэлтгэдэг болох юм байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ