Хүүхдээ уях нь халуун тогоог холдуулахаас илүү тустай

Гэмтэл согог судлалын үндэсний төвд өнгөрөгч бямба гарагт халуун хоол, шөлөнд түлэгдсэн гурван хүүхэд хүргэгдэж иржээ. Гурвуулаа орон нутгаас ирж хэвтсэн байна.
Төв аймгийн Зуунмод сумын дөрөвдүгээр багт суух дөрвөн настай, эмэгтэй О халуун тогоотой хоолонд түлэгдсэн. Завхан аймгийн Улиастай суманд оршин суух хаягтай гурван настай, эмэгтэй Б тогоотой халуун шөлөнд унаж түлэгджээ. Мөн Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нэгдүгээр багт суух 1 нас 9 сартай, эрэгтэй Т халуун тогоотой хоолонд түлэгдэж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвд “Түлэгдсэн хүн ирж хэвтсэн” мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид очин бүртгэн, шалгаж эхэлжээ.
Эцэг, эх, тухайн цаг үед хүүхдийг харж хандаж байсан хэн нэгний хайнга, анзааргагүй үйлдлээс гэрээ тойроод тоглож, наадан, дэрвэж, гүйж явсан балчир жаалууд гэмтэл шарх, өвчиндөө шаналан, түүнийг ялан дийлэхээр тэмцэж байна.
Халуун тогоотой цай, хоол руу унасан, данхтай халуун цай татаж бие дээрээ асгасан гээд учир мэдэхгүй тэднээс аюултай зүйлийг холдуулаагүйгээс болж хүүхэд нас барсан тохиолдлууд ч гарч байсан. Хэнд ч гэм хийлгүй, ямар аюул ирэхийг мэдэртлээ бие, ухаан нь бүрэн төлжөөгүй нялх, балчир үрс эцэг, эх, асарч харгалзаж байсан хэн нэгний анхаарал, болгоомж, хариуцлагагүй үйлдлээс болж амь нас, эрүүл мэндээрээ хохирлоо.
Хүүхдийг аюул, зовлонд унагахгүйн тулд халуун тогоо, халуун хоол, цай гээд түүний ойртож болохгүй бүхнийг холдуулчих. Тэдгээрийг байрнаас нь хөдөлгөх хэцүү байгаа бол хүүхдээ уяад сургачих, тэгээд л тэднээс аюулыг зайлуулчих гэж гуймаар.
Хүүхэд уях бол нүүдэлчин монголчуудын сурган хүмүүжүүлэх ухааны уламжлалт аргын нэг. Хүүхдээ галын бурханд “амсуулахгүй” гэж, халуун цай, хоолонд түлчихгүйн тулд, мал амьтанд дайруулах, төөрч алга болох, юм мөргөж бэртэж гэмтэхээс сэргийлэхийн учир уядаг байжээ. Харин одоо цагт энэ уламжлал хөдөө, хотгүй алдагдаж, хүүхдээ уядаг айл тун цөөхөн болжээ. Мартсан, алдсан уламжлалаа эргэн санаж буй энэ үед “хүүхэд уях” уламжлалыг ч бас сэргээчихье л дээ эцэг, эхчүүдээ. Үгүй ядахад хүүхдээ түлэгдэх аюулаас сэргийлж, чадна шүү дээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ