Обама: Улс төрийн тухай бодмооргүй байна

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ оны хамгийн эхний ярилцлагаа “CBS” телевизэд өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг ярилцлага хагас цаг үргэлжилж, Обама 22 асуултад хариулсан байна. Хөтлөгч, Обамагаас “Хэрвээ АНУ-ын Үндсэн хуулиар Ерөнхийлөгч гурав дахь удаагаа сонгогдох эрхтэй байсан бол та энэхүү боломжийг ашиглах, дуусгаж чадаагүй ажлаа дуусгах байсан уу” хэмээн асуужээ.
Обама энэхүү асуултад “Үгүй гэж хэлмээр байна. Үндсэн хуулиар Ерөнхийлөгч гурав дахь удаагаа нэр дэвших боломжтой байсан ч би ирэх арваннэгдүгээр сард болох төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшихгүй байсан. Би дахин улс төрийн тухай бодмооргүй байна” гэж хариулсан байна.
Ярилцлагын төгсгөлд Обама “Улс төр үргэлж өөрчлөгдөж, хувьсах хэрэгтэй. АНУ бол нээлттэй ардчилсан улс. Төрийн тэргүүнээ дөрвөн жилд нэг удаа сонгох нь энэ улсын хөгжил дэвшилтэй шууд холбоотой. Улиг болсон улс төрийн тогтолцоог халж чадснаар улс орон хөгжих болно. Тийм учраас шинэ удирдагчийг гаргах хэрэгтэй” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ