Унгарт сурах цэргийн алба хаагчдын тоог нэмэх тухай ярилцжээ

img

Унгар улсын Батлан хамгаалахын сайд Истван Симичско өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалах яаманд ажиллаж Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой уулзаж, албан ёсны уулзалт ярилцлыг зохион байгуулав.

 

Хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар Унгарын Худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Батлан хамгаалахын аж үйлдвэрийн нэгдлийн харъяа цэргийн техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувцас хэрэглэл үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллах, Цэргийн эмнэлэг, эм хангамжийн чиглэлээр хамтран ажиллах, Цэргийн эмнэлгийн мэргэжилтэн сургаж, бэлтгэх, Унгарын Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн  харъяа Биологийн болон био-химийн лабораторитой хамтран ажиллах тухай ярилцсан байна.

 

Мөн Батлан хамгаалахын Их сургуулийн чиглэлээр Унгарын Цэргийн чиглэлийн Их сургуультай хамтран ажиллаж цэргийн сургалт, судалгаа, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцжээ. 

 

Уулзалтын талаар Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Манай хоёр улсын яам хооронд 2013 онд хамтран ажиллах  санамж бичиг байгуулсан. Өнөөдрийн уулзалтаар санамж бичгээс гадна нууцлалыг хамгаалах тухай хоёр талын хэлэлцээр байгуулж гарын үсэг зурах тухай ярилцсан. Ер нь Цэрэг техникийн хамтын ажиллагааны зүйл нь нууцлалтай холбоотой учраас энэ гэрээгээ байгуулаагүй байхад нарийн харилцаа үүсдэггүй.  Унгарын талын хүмүүс маань олон талын санал санаачлага хэлж байна лээ. Цаашдаа хоёр талаас тавьж буй саналуудаа нэгтгээд хамтарч ажиллах тухай ярилцлаа. Ялангуяа, хоёр улсын Батлан хамгаалах их сургуулиудыг шууд харилцуулж цэргийн боловсон хүчин нэмэгдүүлэх боломж байгааг онцолсон. Ингэхдээ Унгар улсад цэргийн суралцагч нарынхаа тоог нэмэгдүүлэх тухай ярилцлаа" гэсэн юм.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ