Малчны зээлийг хүүг 10 хувь болгоно

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ дахь МАН-ын бүлгээс тавьсан шаардлагатай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал мэдээлэл хийлээ.
УИХ дахь МАН-ын бүлгээс тэтгэврийн, цалингийн, малчны зэрэг бүх төрлийн зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулж, урьд нь өндөр хүүтэй олгогдсон байсан бүх зээлийн хүүгийн төлбөрийг буулгаж, зээл төлөх хугацааг сунгах шийдвэрийг сар шинийн баяраас өмнө гаргах шаардлагыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монголбанкны Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан.
Мэдээлэлд дурдсанаар Монголбанкнаас сүүлийн 3 жилийн хугацаанд дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх, эдийн засаг дахь нийт хуримтлалыг дэмжихийн тулд зээлийн хүүг бууруулах бодлого баримтлан ажиллажээ. Цаашид хуримтлалд суурилсан нам, тогтвортой инфляцитай орчинд дундаж давхаргын хуримтлалд тулгуурласан эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд Монголбанкнаас хэрэглээ, импортыг дэмжсэн биш, харин ажлын байрыг нэмэгдүүлсэн, хуримтлал, экспортыг дэмжих зорилгоор зээлийн хүүг бууруулахад чиглэсэн бодлого баримталж хэрэгжүүлнэ гэлээ. Байнгын хорооны гишүүд энэ үеэр мэдээлэлтэй холбогдуулж, Ерөнхий сайд болон Монголбанкны ерөнхийлөгчөөс асуулт асууж хариулт авсан юм.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг малчны зээлийн хүүг бууруулах асуултад хариулахдаа:
-Хоёр долоо хоногийн өмнө би энэ чиглэлээр Монголбанк бусад холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн. Малчны зээл дээр тодорхой ахиц дэвшил гаргах гарц хайсан. Энэ асуудалд Н.Батбаяр хөдөөнөөс сонгогдсон гишүүний хувьд байнга асуудал тавьж ирсэн. 240 орчим тэрбум төгрөгийн малчны зээл ХААН, Төрийн гэсэн хоёр үндсэн банкнаас гарсан. Энэ банкнуудаас гарч байгаа зээлийн бүтэц нь сарын 2.5 хувийн хүүтэй. Энэ нь маш өндөр хүү. Малчид эргээд үйлдвэрлэл, мал аж ахуйгаа хөгжүүлэхэд нэлээн хүндрэл бэрхшээлтэй. Үүнийг хэрэглээний зээл гэж бид үзэхгүй байгаа. Энэ утгаараа бидэнд боломж харагдаж байна. Монголбанк бусад холбогдох байгууллагатай ажилласны үр дүнд жилийн 30, сарын 2.5 хувийн хүүтэй энэ зээлийг бууруулна. Ялангуяа Төрийн банкны үйл ажиллагааг чиглүүлж, жилийн 30 хувийн хүүг 10 хувь руу чиглүүлэх бололцоо байгаа. Энэ чиглэлээр ажлууд явагдаж байна. Малчдын баяр гэж ярьдаг Цагаан сарын өмнө энэ зээлийн хүүг 30-аас 10 руу оруулах асуудлыг шийдэх боломжийг Засгийн газар илэрхийлж ажиллаж байгаа. Ингэснээр мал аж ахуйг үйлдвэрлэлийн шинэ хэлбэр рүү оруулж, эдийн засгийн солонгуурлах, ажлын байрыг нэмэгдүүлэх, импортыг орлосон, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ихээхэн ач холбогдолтой гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ