Ипотекийн зээлтэй иргэд дундаж орлоготойд тооцогдох уу?

img

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалын мэдээлэл хийсэн юм. Үүний дараагаар тэрбээр гишүүдийн асуултад хариуллаа.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Ерөнхий сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээлэл зөрөөд байна. Малчны зээлийн хүүг бууруулах боломжгүй гэсээр байгаад өнөөдрийг хүргэсэн. Инфляци нам төвшинд орсон учраас ипотекийн зээлийн хүүг буруулах боломжтой гэсэн. Монголбанкны Ерөнхийлөгч танилцуулга хийхдээ “хэрэглээг дэмжсэн зээлийн хүүг бууруулах боломж байхгүй. Харин хуримтлалыг дэмжсэн, хөрөнгө оруулалтыг дэмжсэн зээлийн хүүг буруулна” гэлээ. Өөрөөр хэлбэл, цалин, тэтгэвэр, малчны зээл, импортын буюу худалдаа арилжааны зээлийн хүүг бууруулах боломжгүй гэж хэлсэн. Гэтэл манай Ерөнхий сайд малчны зээлийн хүүг бууруулна гэж байна. Хэрэглээг дэмжсэн зээл олгохоор инфляци өсөх гээд байна гэсэн.  Инфляцийн бүтцийг хэлж өгөөч. Худалдан авах чадвар буурснаас инфляци буурав уу, шатахуун, махны үнэ буурсан нь нөлөөлөв үү. Инфляцийн хэдэн хувийг эдгээр хоёр төрлийн бүтээгдэхүүн эзэлж байна вэ?

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Монголбанкны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хоёрын мэдээлэлд логикийн зөрүү байхгүй. Та маш сайн ойлгосон байна.  Бид бүх төрлийн хүүг бууруулах бололцоо байхгүй. Бодлогын хувд эдийн засаг ийм байгаа үед боломжгүй зүйл.Малчны зээл бол үйлдвэрлэлийн зээл. Малчны үйлдвэрлэлийн зээл бол тэтгэвэрийн зээлийн дэргэд шал өөр зээл. Тамгатайгаа, эрсдлийг нь банк өөрөө бүртгэчихсэн тоолчихсон байдаг учраас зээлийн хүүг бууруулах бололцоотой гэж харж байгаа.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

-Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллээр хүртээмжийг сайжруулснаар инфляци буурсан уу?  Хэлж байгаа тайлбар баригдахгүй байна. Хоёрт, өрхийн орлого сайжирч монголчуудын дундаж өрхийн сарын орлого 2.3 сая төгрөг болж суга өсчээ. Энэ үзүүлэлт 2011 онд 39 хувь байсан бол одоо 67-70 хувь эзэлдэг болж.  Ард иргэдтэй уулзахаар орлогогүй, бизнесгүй, ажилгүй болсон гэдэг. Цаган сараа яаж хийх вэ гэж байна. Гэтэл бидэнд тараасан мэдээлэл нь суга суга өсөөд байдаг. Гуравт, хэрэглээг дэмжихгүй гэж яриад байна. Тэгтэл  хэрэглээг хязгаарлаад байхаар өсөлт байхгүй болно гэж эдийн засагчид ярьдаг 80 мянган иргэн   ипотекийн 5 хувийн зээлд хамрагдах уу?

 

Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал:

-Бодитой нөлөөлсөн зүйл бол нийлүүлэлтийн гаралтай инфляци нийт инфляцийн 3/1 хувийг  эзэлдэг байсан. Мах, гурил, шатахууны үнийг хөөрөгдөж байгаад ашиг олдог байсан. Энэ үзэгдэл байхгүй болсон. Нийлүүлэлтийн гаралтай сувгийг байхгүй болгосон. Цалин, тэтгэвэр нэмэх, амлалт өгөх, уриалах энэ бүхэн багассан.  Хүнсний үнэ хоёр дахин өссөн тохиолдолд бага дунд орлоготой иргэдэд 3 дахин ачаалал үүсгэдэг байсан. Одоо энэ бүхэн арилсан. Гарсан энэ эерэг өөрчлөлт нь тогтвортой байдлыг бий болгосон. Судалгаанд үндэслэж гаргасан тоо.  Дундаж орлоготой иргэдийн хуримтлалыг дэмжсэн бодлого явуулах юм бол ажилтай орлоготой байх тэмүүлэл өсдөг юм байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн хэмжээгээр нь 80 мянган моргейжид орох шалгуур тавьсан учраас орлого нь өссөн.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-2014 оны Мөнгөний бодлого батлагдах үед нийт зээлийн хүүг 1-3 хувиар бууруулах саналыг би гаргасан. Гэтэл Монгол банкны нөхөд мэргэжлийн бус юм боллоо, саналаа татаад авчих гээд миний хойноос гүйж байсан юм. Тэгээд миний саналыг  УИХ-ын гишүүд дэмжээд баталсан.  Одоо хүүг 1-3 хувиар бууруулах ажлаа хэзээ хэрэгжүүлэх вэ? Бизнес эрхлэгчид, малчид, тариаланчид гээд бүгд л зээлтэй байгаа. УИХ-аар батлагдсан бодлогоо хэзээ хэрэгжүүлэх гэж байна. Манай бүлгийн гишүүд малчны зээлийн хүү, тэтгэврийн хүүг бууруулахаар гүйсэн. Он гарснаар малчны зээлийн хүүг бууруулах талаар Ерөнхий сайд сая хэллээ. Засгийн газар малчны зээлийн хүүг ямар эх үүсвэрээр бууруулах гэж байна вэ? Би зээлийн хүүг бууруулахыг нь эсэргүүцээд байгаа юм биш. УИХ-ын дарга микрофон ашиглаад “ эсэргүүцлээ” гэж муу улстөр хийдэг шүү.  Монгол банкнаас энэ зээлийн мөнгө гарахгүй байх. Дундаж орлоготой хүмүүсийн жин их болж гээд гайхаад байх юм.  Орон сууцны ипотекийн зээлд хамрагдахаар дундаж амьдралтай төвшинд оччихдог юм уу. Би энэ намар Хэнтий аймагт томилолтоор ажилласан. 300 хүнтэй эмнэлгээр ороод, ажил амьдрал ярьж байгаад “танай эмнэлгээс зээлгүй хүн байна уу” гэсэн чинь  3-хан ажилтан нь зээлгүй гэж хариулсан. 300 мянган төгрөгийн цалинтай сувилагч зээлэндээ 200-250 мянган төгрөг төлөөд үлдсэн 50 мянган төгрөгөөрөө 5 ам бүлээ тэжээж байна гэсэн. Энэ өрхийг дундаж амьдралтай гэж үзэж болох уу? Сонгууль нэг өдөр болоод өнгөрнө. Дараагаар нь амьдрал үргэлжилнэ. Өмнө нь 4 тэрбум төгрөгийн зээлтэй байсан Монгол банк. Одоо своп зээлтэй Монгол банк болсон. Хар үнэн нь энэ. Яаж ч бултаад та нар тайлбар хийж чадахгүй. Дараагаар нь улс төрийн элдэв ажиллагаанд ёс бусаар татагдан орохдоо сонгуулийн дараа амьдрал үргэлжилдгийг санаарай.

 

Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал:

-Таны хэлээд байгаа шиг 300 хүнээс 297 нь ажилтан нь зээл авсан гэдэг хачирхалтай байна. Нөгөө талаас өрхийн орлогын  45 хувьд  л банк зээл өгдөг. Хэрвээ  дээрх зээл өгөгдсөн бол хууль бус үйлдэл болж байна. Зээлийн статистик, өрхийн орлогын судалгаа сүүлийн үед сайжирсан.  Гишүүн мөнгөний бодлогыг хэлэлцэх явцад тоо заан хэлсэн. Гэхдээ бодлогын хүүг инфляцийн түвшинтэй уялдуулан бууруулах боломжтой. Төрийн зүгээс бүтээгдэхүүний өртгийг томъёолох нь зохимжгүй.  Энэ өнцгөөс тоог нь хасчихъя гэсэн тайлбар явсан байдаг. Бид инфляцийн түвшинг бууруулах бололцоотой. Энэ нь өөрөө бодлогын хүүг бууруулж, эерэг өөрчлөлт оруулах бололцоо бүрдэнэ. Сонгууль нийт эдийн засагт эергээр нөлөөлөх учиртай. Эрсдэл нэмдэггүй. Тиймээс 2016 оны парламентын сонгууль эдийн засагт эергээр тусах ёстой. 

 


Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Ynen shde zeelgui hun gj huduu oron nutagt bhgui shuu. Bodit amidralaas tasarchihsan yumnuud yaaj oilgohov
2016-01-27
Zochin:
Ynen shde zeelgui hun gj huduu oron nutagt bhgui shuu. Bodit amidralaas tasarchihsan yumnuud yaaj oilgohov
2016-01-27