Орон нутгийн мандатын тоог цөөлөхийг эсэргүүцэв

СЕХ-ноос УИХ-д “Орон нутгийн мандатыг хасах” тухай асуудлаар тогтоолын төсөл өргөн барьсантай холбогдуулж “Завхан эв нэгдэл” ТББ-аас мэдээлэл хийлээ. Тэд хөдөө орон нутгийн мандатын тоог цөөлөхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. “Уг төсөлд мандатын тоог орон нутагт 22 гишүүн буюу 29 хувь, нийслэлд 54 гишүүн буюу 71 хувь байхаар тусгасан байгаа юм. Жагсаалтаар орсон гишүүд орон нутгийн төлөөлөл болохгүй учраас нийслэлд 54 гишүүн болж байна. Иймд газар нутаг, хүн амын тооноос хамааран зөвхөн нийслэлд мандатын тоог нэмж орон нутгийн тоог хасаж байгаа нь ард иргэдийн эрх ашгийг хөндсөн томоохон асуудал болж байна. УИХ-ын гишүүний мандатын тоог зөвхөн хүн амын тоонд харьцуулан тогтоох нь Үндсэн хууль болон олон улсад мөрддөг нийтлэг хэм хэмжээг ноцтойгоор зөрчиж байна. Үндсэн хуулийн заалтын дагуу “УИХ-ын гишүүн бол төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхолыг эрхэмлэн баримтална” гэсэн байдаг. Хэрэв энэ тогтоолын төсөл батлагдвал орон нутгийн төлөөлөл илт цөөрч орон нутгийг хөгжүүлэх бодлого хаягдаж, хөдөөгийн хөгжил тэр дундаа хөдөө аж ахуй болон газар тариалангийн хөгжилд сөрөг нөлөөтэй хэмээн “Завхан эв нэгдэл” ТББ-ын Тэргүүн Л.Батсайхан ярилаа. Тэрээр УИХ гишүүдэд энэ хуулийн төслийг дэмжихгүй байх талаар уриалга хүргүүлэх аж. Маргааш өглөө Төрийн ордны гадаа цуглаан зохион байгуулж эсэргүүцэлээ илэрхийлэх юм байна.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ