Өөрчлөх нэрийдлээр хайрцаглаж болохгүй

img

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв.  Н.Батбаяр гишүүний санаачлан өргөн барьсан энэ хуулийн төсөлд “Хууль санаачлагч болон УИХ-д албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах санал оруулсан УИХ-ын гишүүн тодорхой шалтгаангүйгээр уг асуудлыг хэлэлцэх хуралдаанд хүрэлцэн ирэхгүй байх, санаачилсан асуудлаа хуралдаанд танилцуулахгүй байх нь УИХ үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл учруулж байна.

 

Түүнчлэн хуулиар тухайн асуудлыг хэлэлцэх хугацааг тусгайлан тогтоосон байхад нам, эвслийн бүлэг завсарлага авч байгаа хууль зөрчигдөхөд хүргэж байна, асуудлыг хуульд заасан хугацаанд хэлэлцэх боломжгүй болгож байна.

 

Мөн хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр  хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарч байна.

 

Иймд УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд хууль санаачлагч болон УИХ-ын 7.1.12-т заасан санал оруулсан УИХ-ын гишүүн уг асуудлыг хэлэлцэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй эсхүл, төсөл, саналаа танилцуулаагүй бол түүнийг уг хууль, УИХ-ын  бусад шийдвэрийн төсөл, саналаа татан авсанд тооцох агуулгатай заалтыг хуульд нэмэх, 4.6 дахь хэсэгт УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хэлэлцэх хугацааг тусгайлан тогтоосон асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авахыг хориглосон зохицуулалтыг нэмж тусгахаар хуулийн төслийг боловсрууллаа” хэмээжээ.

 

Өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд  өглөөний 08.30-12.30 цаг хүртэл тасралтгүй   төсөл санаачлагач Г.Уянга гишүүнийг хүлээсэн билээ. Түүнлчэн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсанаас хойш байнгын хороо 7 хоногийн дотор, чуулганы 14 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх заалттай. Төрйин байгуулалтын байнгын хороогоор дээрх асуудлыг хэлэлцэхэд УИХ дахь МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авсан.  Эдгээр асуудлаас үндэслэн гишүүн Н.Батбаяр дээрх хуулийн төслийг санаачлан өргөн барьсан байна.

 

Байнгын хороогоор уг төслийг хэлэлцэх үед гишүүн Су.Батболд “УИХ-ын дэгийн тухай хуулийг ямар нэг асуудал гарангуут өөрчлөөд байх нь зохимжгүй. Асуудал янз бүрийн хүчин зүйлээс шалтгаална. Бид дэгээ барих нь зүйтэй. Тэр дундаа улс төрийн үйл явц өрнөж байгаа энэ үед бүх зүйлийг өөрчлөлт хийх нэрийдлээр хайрцаглаад байж болохгүй. Өнгөн дээрээ асуудлыг цэгцэлж байгаа юм шиг боловч УИХ-ын гишүүний үг хэлэх эрхэнд халдаж болохгүй. Өнөөдөр гишүүдийн ирц хангалтгүй байна. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байна гэлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн  саналаар УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг хойшлууллаа.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ нэг боловсролгуй хун одоо хуртэл их хуралд байгаа юмуу ийм байхад монгол улс яаж урагшлах вэ
2016-01-27