Хүйтний улмаас 90 хүн нас баржээ

Тайванийн төвийн болон зүүн мужуудад цочир хүйтэрсэний улмаас 90 хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус улсын Онцгой байдлын газраас мэдээлснээр “1929 оноос хойш Тайваньд болоогүй цочир хүйтэрсэн” гэв. Тайваньд нэгдүгээр сард дунджаар цельсийн 16-20 хэм байдаг бөгөөд энэ амралтын өдөр 4 хэм болсон байна.
Цочир хүйтэрсэн өдөр буюу энэ сарын 24-нд нийт 85 иргэн амиа алдаж, 458 иргэн эмнэлэгт хүргэгдэн иржээ. Тэгвэл эд, эрхтнээ хөлдөөсөн дээрх иргэдээс өчигдөр таван хүн амиа алдсан байна. Ийнхүү 87 жилийн дараа тохиосон хүйтний улмаас Тайвань 90 иргэнээсээ хагацжээ.
Хонконгийн удирдлагууд цочир хүйтэрсэнтэй холбогдуулан бага сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон бол өчигдрөөс эхлэн дээрх байгууллагууд хэвийн үйл ажиллагаандаа шилжээ. Мөн Өмнөд Солонгосын аялал жуучлалын гол бүс гэддэг Чежү арал дахь аялал жуучлалын компаниуд жуулчдыг хүлээн авч эхэлсэн байна. Чежүд цочир хүйтэрч, их цас орсны улмаас ганцхан өдрийн дотор 200 гаруй нислэг цуцлагдсан юм. Зүүн Өмнөд Азид сүүлийн 40 жил тохиогоогүй өвөл болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ