Дэлхийн зах зээлийн үнээр улс төр хийх утгагүй

Уул уурхайн яам сар бүрийн 4 дэх долоо хоногийн Лхагва гарагт “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал зохион байгуулдаг. Энэ удаад оны эхний нэг сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон шатахууны үнэтэй холбоотой зарим асуудлаар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас шатахууны жижиглэнгийн үнийг баруун бүсэд 80-400 төгрөгөөр, зүүн бүсэд 10-230 төгрөгөөр тус тус бууруулсан байна. Харин энэ сарын 20-ноос Өмнөговь, Дорноговь, Хөвсгөл, Архангай зэрэг аймагт шатахууны үнийг 100-150 төгрөгөөр бууруулах ажлыг зохион байгуулжээ. Мөн энэ сарын 21-ний өдрөөс Улаанбаатар хотод шатахууны үнэ 80-150 төгрөгөөр буураад байгаа талаар Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээллээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар дэлхийн зах зээлд шатахууны үнэ огцом буурсантай холбогдуулж Монгол Улсад хамгийн багадаа 250, цаашлаад 400 төгрөгөөр шатахууны үнийг бууруулах бололцоо бүрдсэн гэдгийг хэлж байсан. Үүнд газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн тайлбар өгөв.
Тэрбээр “Шатахуун оруулж ирж байгаа аж ахуйн нэгжийн ихэнхи нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгж. Тэгэхээр чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг төр хязгаарлах нь зүй бус. Татвараа 0 болгосон тохиолдолд л 300-400 төгрөгөөр буулгах боломжтой. Тэгэхээр хаанаас ямар тоо аваад юу бодсоныг бид мэдэхгүй юм. Дэлхийн зах зээлийн үнээр улс төр хийх утгагүй” хэмээх тайлбарыг өглөө.
2015 оны хоёрдугаар сараас шатахууны гаалийн татварыг 1 хувь байсныг 5 хувь болгож нэмэгдүүлсэн. Ингэснээр 2015 оны гүйцэтгэлээр зөвхөн шатахууны татваруудаас нийт 460 тэрбум төгрөг Улсын төсөвт төвлөрсөн байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ