Ард нийтийн санал асуулга явуулах уу?
2016-01-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцлээ. Уг өөрчлөлтөөр  Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд нэр дэвших төрийн жинхэнэ  албан хаагч сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгнээс ажлаасаа чөлөөлөгдсөн байхаар тусгасан. Харин  аймаг, нийслэлийн ИТХ-ын  сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч сонгуулийн жилийн 4дүгээр сарын 1-нээс, сум, дүүргийн Иргэдийн хуралд нэр дэвших бол санал авах өдрөөс 3 сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байхаар төсөлд тусгажээ.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү “Сонгуулийн жил гараад хоёр дахь сар руугаа явж байна. Гэтэл төрийн жинхэнэ албан хаагч сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгээс ажлаасаа чөлөөлөгдөнө гэсэн байна” хэмээлээ. Гишүүдийн олонхийн саналаар дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

 

Дараагаар нь Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийн төслийн шинэчилсэн асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдэв.  Ард нийтийн санал асуулга явуулах тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хуулийн танилцуулгад “Ард нийтийн санал асуулгын тухай хууль нь 1995 онд батлагдаж байсан. Уг хууль батлагдсанаас хойш өнгөрсөн хугацаанд нэг ч удаа ард нийтийн санал асуулга явагдаж байгаагүй. Хуульд зааснаар санал асуулгад оролцох иргэдийн нэрийн жагсаалт, санал асуулгыг бэлтгэн явуулах зэрэг асуудлыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулахаар тусгасан боловч УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 2011 онд шинэчлэн батлахдаа одоо мөрдөгдөж буй Ард нийтийн санал асуулгын тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулаагүй байна. Мөн УИХ-ын  2012 оны сонгуулиас эхлэн сонгуулийн санал тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг Монгол Улс автоматжуулсан системээр зохион байгуулан явуулдаг болсон. Түүнтэй холбоотойгоор ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаагүй нь ард нийтийн санал асуулгын тухай хууль хэрэгжих боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

 

Өнгөрсөн 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн төсөл шинэчлэн батлагдсан. Энэ хуулийн үзэл баримтлал, зарчимд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг нийцүүлэх шаардлага бий болсон Иймд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа” хэмээн дурджээ.

 

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 6 бүлэг, 24 зүйлтэй. Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулна.

 

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэг удаагийн санал асуулгыг хоёроос дээшгүй асуудлаар явуулахаар тусгасан байсан. Энэ нь зарчмын шинжтэй томоохон асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг байна. Тиймээс санал асуулга явуулах асуудлын тоог тухайн санал асуулга явуулах эрх бүхий этгээд шийдвэрлэхээр төсөлд тусгажээ. Мөн Ард нийтийн санал асуулгыг хуульд заасан арга хэлбэрээс гадна цахим хэлбэр /гар утас, цахим сүлжээ зэрэг/-ээр явуулахаар тусгасан аж.  Гадаад улсад байгаа иргэдээс ард нийтийн санал авах өдрийг УИХ тогтоохоор заажээ.

 

Гишүүд уг хуулийн төслийг цаг хугацааны хувьд  хэлэлцэх шаардлагатай юу, өмнөх хууль нь огт хэрэглэгдээгүй байтал дараагийн шинэчилсэн найруулгыг оруулж ирэх нь хэр оновчтой вэ зэргийг асууж байлаа. Хууль санаачлагач Н.Батбаяр гишүүн “Бид Сонгуулийн хууль баталсан. Харин ард түмнээсээ асуудаг Ард нийтийн санал асуулгын хуулиа орхигдуулсан нь бидний алдаа. Асуудлаа ард түмэн өөрсдөө шийддэг байх ёстой. Ард түмнээс асуудаг тогтолцоо яагаад байж болохгүй” хэмээн хариуллаа.

 

Үдээс хойшхи хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулах юм.

Чуулганы үдээс өмнөх хуралдаан ийнхүү завсарлалаа.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ эргүү Батбаяр тэнгэрээс асуугаад хууль санаачилсан юм уу.
2016-01-28
Зочин:
Хар PR хийх нууц төлөвлөгөө дэлгэгдлээ httphacker123.blog.banjig.netpost.php?post_id=136151
2016-01-28