Иргэд гудамжинд осгож, хөлдөхөөс бүрэн сэргийлсэн

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс өөрийн хамаарах нутаг дэвсгэрээ камерын нэгдсэн системээр хянадаг аж. Камерын систем бол иргэнд тустай, цагдаад дэмтэй хяналт билээ. Энэ тухай Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Н.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай хэлтэст камерын нэгдсэн хяналтын систем хэзээ ашиглалтад орсон юм бэ. Давуу тал нь юу байна.
-Манай хэлтсээс дүүргийн Орон нутгийн хөгжлийн сан, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд санал болгоод 2014, 2015 онд нийт 62 байршилд хяналтын камерууд байршуулсан. Гэмт хэрэг, зөрчлийг үйлдэл дээр нь илрүүлэх, үйлдэгдсэн гэмт хэрэгтэй холбоотой нотлох баримт, эд мөрийн баримтыг хуулбарлан авах зэрэгт үр өгөөжөө өгч байна.
-Нийт хэдэн камер ажиллаж байна вэ?
-Нийт 138 камер ажиллаж байна. Чиглэлийн 124, бүтэн эргэдэг, техникийн өндөр үзүүлэлттэй 18 камерыг байршуулсан.
-Энэ хяналтыг бий болгосноор гарсан тодорхой үр дүн хэлээч?
-Хүйтний улиралд иргэд гудамж, талбайд осгож хөлдөх, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдлээс 100 хувь урьдчилан сэргийлсэн. Хамгийн сүүлийн мэдээгээр зургаан хулгай, нэг дээрмийн хэргийг үйлдэл дээр нь илрүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд би тэгээгүй, ингээгүй гэж мэлздэг. Энэ үед камерын хяналтын системд бичигдсэн гэмт хэргийг үйлдлийг нь нотлох баримт болгоно. Камерын хяналтын систем нь гудамж талбайд үйлдэгдэж байгаа хэргийг шуурхай илрүүлэх, хэргийн эд мөрийн баримт болон хэрэгт холбогдолтой бусад нотлох баримтыг гаргахад чухал ач тустай.
-Танай хэлтэс хэдэн олон нийтийн цагдаатай вэ. Мөн урамшуулалт эргүүл ажилладаг гэсэн. Тэд цагдаагийн ажилд багагүй дэм болж буй байх.
-Манайх 15 олон нийтийн цагдаатай. 60 урамшуулалт эргүүл гудамж талбайд ажиллаж, үүрэг гүйцэтгэдэг. Иргэд Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлснийхээ урамшуулал болгож сар бүр 200 мянган төгрөг авдаг. Санхүүжилтийг дүүргээс шийдвэрлэсэн. Харин олон нийтийн цагдаа нар ТТ-5-1 шатлалаар дүйцүүлсэн цалингаа авч ажилладаг.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ