16.5 тэрбумаар сонгууль зохион байгуулна

img

Сонгуулийн ерөнхий хорооноос энэ оны сонгуулийн жилийн үйл ажиллагааны цагийн хуваарийг гаргажээ. Үүнтэй холбогдуулан СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Сонгууль зохион байгуулах санхүүжилт нэмэгдсэн үү?

 

-Энэ жил 16.5 тэрбум төгрөг баталж өгсөн. Энэ мөнгө 2012 оны УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгууль явуулж байсан үеийн мөнгө. Өнөөдөр ам.долларын ханш хэд болсон билээ. Гэсэн хэдий ч хямралтай байна гэж үзээд төсөвлөсөн. Өмнөх сонгуулиар бид УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулиар баталсан зардлаас нь 7.8 тэрбум төгрөг хэмнэсэн.

 

-Хэвлэл мэдээллийн сурталчилгааны зардал, зай талбай, цагийг хассан гэж байсан. Хуулинд яаж тусгасан бол?

 

-Телевизүүдийн цагийг нэг цагаас хэтрэхгүй байна гэж заасан байсан. Гэтэл үүн дээр телевизүүдийн холбооноос мэдэгдэл ирсэн. Хоёр сонгууль давхар явагдаж байгаа. Тиймээс нэг сонгууль дээр нэг цаг буюу УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль нийлээд хоёр цаг гэж заасан байгаа. Сонинд хэвлэх материалыг ч боломжийн тусгаж өгсөн гэж ойлгож байгаа. Үүнээс гадна 24 цагийн өмнө сурталчилгааг хаадаг байсан. Энэ жил хуулиар нийтийн эзэмшлийн талбайд байрлуулсан намуудын далбаа, зурагт хуудсыг авахгүй гэж заасан. “24 цагийн өмнө хураах ёстой, энэ нэр дэвшигч сурталчилгаагаа авахгүй байна” гэж манайх руу утасдаад асуудал гардаг байсныг дээрх заалтаар зохицуулсан. Ингэснээр нэр дэвшигч, намуудыг сурталчилгаагаа хийхэд ахиц болсон гэж үзэж байгаа.

 

-Сонгуулийн тойрог мандатыг УИХ-аар хэлэлцэхдээ нийслэлд нэмэх санал гарч байсан. Нийслэлийн сонгуулийг зохион байгуулж байсан хүний хувьд та үүнд ямар байр суурьтай байсан бэ?

 

-УИХ-ын тойрогт мандатыг тогтоохдоо хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээг харгалзана гэж заасан. Хүн амын тоондоо харьцуулвал нийслэлийн мандатын тоог нэмэхээс өөр аргагүй. Нийслэлд төвлөрөл ихэссэн, хөдөө орон нутагт багассан байгаа. Өмнөх хуулиар нийслэл хот, орон нутагт мандатын тоог ялгавартай тогтоож байсан. Тухайн үеийн дунджаар орон нутагт 40 мянган хүнд нэг мандат, нийслэлд 80 гаруй мянган хүнд нэг мандат гэж заасан байсан. Энэ хуулиар уг заалтыг авсан. Статистикийн газраас хүн амын урьдчилсан тоог авсан. Хүн амын тоо 3 сая давлаа. Үүнийг хуваахаар нэг мандатад 63700 хүн ногдож байх тоо гарч байгаа юм. Үүнтэй харьцуулж үзэхээр нийслэлд 8 мандат нэмэгдэж, орон нутгаас 8 мандат хасагдахаар тооцоо гарсан. Бид энэ байдлыг харгалзаж Төрийн байгуулалтын байнгын хороонд саналаа хүргүүлсэн. Өнгөрсөн баасан гаригт Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулган хуралдаж, хэлэлцээд хуучнаар нь баталсан. боловсруулж өгсөн юм. Хүн амын тоог харалгүй яах вэ. Гэхдээ зах хязгаар нутгаа эзгүй орхиж болохгүй. Төрөөс явуулж байгаа бодлого төвлөрлийг багасгах тал руугаа явах ёстой. Улаанбаатар ганц Монгол Улс биш. Орон нутгийг харгалзах ёстой юм байна.

 

-Хичнээн сонгогч санал өгөхөөр байна вэ?

 

-Энэ жил 2 сая орчим сонгогч гарах байх. Статистикийн мэдээллээр насанд хүрсэн хүн  нэмэгдэж, нас баралт тодорхой хэмжээнд хасагдсан байдаг. Гэхдээ сонгогчдын тоо нэмэгдсэн байдаг юм.

 

-Энэ жил УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль нэгэн зэрэг явагдана. СЕХ ачаалал ихтэй ажиллах байх. СЕХ ямар  бүрэлдэхүүнтэй оролцох бол?

 

-Сонгуулийн төв байгууллага байнгын болон байнгын бус ажиллагаатай байдаг. Байнгын гэдэг нь СЕХ-г хэлж байгаа. Байнгын бус гэдэг нь тойргийн, хэсгийн хороо юм. Энэ хороод тодорхой хуулийн хугацаатай. Сонгууль болохоос 80-150 хоногийн  өмнө байгуулагдана. Сонгууль явагдаад дууссаны дараагаар ажлаа хүлээлгэж өгөөд татан буугдана. Манай байгууллагын ажлын алба Мэдээлэл технологийн төвтэйгээ нийлээд 27 хүнтэй. Сонгуулийн жилүүдэд ажлын ачаалал их байгаа. Дээр нь УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг СЕХ-нд бүртгэнэ. Гэхдээ бидний хариуцсан ажил болохоор хариуцлагатайгаар ажлаа гүйцэтгэнэ.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ман:
Хар хайрцагны ид шидийг мэдсэн үү. Зүгээр юм гээд хууртцан цохиж байна уу үзүүлэх сургууль хичнээн хийсэн ч булхайгаа харуулахуу аан мөн ч гэнэн баынадаа
2016-02-02