Би гарын үсэг зуруулаагүй

Улсын хэмжээнд Хөвсгөл, Завхан, Архангай, Дундговь, Булган зэрэг нийт 18 аймгийн 98 суманд цагаан зудтай байна. Малчдын гар дээр бэлэн мөнгө байхгүйгээс өвс тэжээлээ худалдан авч чадахгүйд хүрчээ. Иймд улсын нөөцөөс 665 тонн өвсийг үнэгүй, 4689 тонн тэжээлийн үнийг хямдруулж олгох шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргажээ. Өвөлжилт хүндрэлтэй аймаг, сумдад өвөлжиж байгаа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор түргэн тусламжийн машин авахад шаардлагатай хөрөнгийг улсын нөөцийн сангаас гаргах юм. Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Шадар сайд Ц.Оюунбаатар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-Г.Шийлэгдамба сайд ярилцлагадаа таныг миний өмнөөс бланкин дээр өргөдөл бичиж, гарын үсэг зуруулсан гэсэн. Энэ талаар тайлбарлахгүй юу?
-Би ямар ч бланкин дээр гарын үсэг зуруулаагүй. Тийм цаг хугацаа, боломж ч байхгүй. АТГ-аас байцаалтад ирсэн үед нь би хамгийн сүүлд ажил төрлийн асуудлаар санал солилцсон. Энэ асуудлаар Ерөнхий сайдад санал тавьж байсан. Энэ хүрээд миний оролцоо дууссан. Тэр гарын үсэг зурсан, өргөдөл хүсэлт гаргасан асуудал дараагийнх.
-Намын санхүүжилтийн тухайд?
-Намын сан хөмрөг хариуцсан хүн нь би биш. Санхүү мөнгөний асуудалд би хэзээ ч, хаана ч оролцож байгаагүй. Энэ талын мэдээлэл надад алга.
-Та хандив цуглуулдаг уу?
-Би өөрийнхөө цалингаар амьдардаг. Би 40 жил монголын төрд ажиллаж байна. Хууль дүрмээ барьж ажиллаж байгаа. Хэн нэгнээс юм гуйж явсангүй. Хэн нэгэнд ч юм өгч явсангүй.
-Танд МАХН-ын дарга Н.Энхбаяр хандив ол гэж тулгаж байгаагүй юу?
-Би хууль сахидаг, хуулийн мэргэжлийн хүн. Хуулийнхаа хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа. Би тийм асуудалтай тулгарч байгаагүй.
-Шадар сайдаар Н.Энхбаяр даргыг томилоод таныг Эрүүл мэнд, спортын сайдаар томилох тохироо хийгдсэн гэдэг. Үнэн үү?
-Наадахаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс асуу.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ