Б.Батзаяа: Хэвлэлд бичээд байгаа шиг явдал болоогүй

img

Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Цагдаагийн ерөнхий газрын дарга, даргын зөвлөлийн гишүүд болон төв орон нутгийн цагдаагийн газар хэлтсийн дарга 100 гаруй удирдлагууд уг зөвлөгөөнд оролцож байгаа юм. Энэ үеэр Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Батзаяатай цөөн хором ярилцлаа.

 

-Өвөрхангай аймагт өнгөрөгч онд үйлдэгдсэн гэмт хэргийн үзүүлэлт, хэргийн илрүүлэлт ямар байв. Энэ онд ямар зорилго дэвшүүлэн ажиллаж байна.

 

-Өвөрхангай аймагт үйлдэгдсэн гэмт хэргийн 2015 онд тодорхой хэмжээгээр өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь хулгайлах гэмт хэрэг өссөнтэй шууд холбоотой. Хулгайн гэмт хэрэг 68 хувь болж өссөн судалгаа гарсан. Хэргийн илрүүлэлт, бусад ажлил хэвийн хэмжээнд явагдаж байна. Цагдаагийн ерөнхий газрын зүгээс 2016 оныг удирдах ажилтны манлайллыг дээшлүүлэх, хариуцлагыг сайжруулах зорилго чиглэл дэвшүүлсэн. Үүний дагуу бид удирдах ажилтнуудаа хөгжүүлэх, тэдний мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна.

 

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр иргэд, олон нийттэй хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

 

-Ер нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн дэмжлэг шаардлагатай байдаг. Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр Малчдын бүлгүүдэд таван сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс гарган шийдвэрлүүлж ажилласан. Энэ нь малын хулгайн гэмт хэрэг буурахад үр дүнгээ өгсөн. Мөн архидалтыг багасгах, таслан зогсоох зорилготой “Архидалтгүй Өвөрхангай” гэдэг үйл ажиллагаа явагдаж байна. Буруу хэвшлээс татгалзахыг уриалсан уриалгуудыг бусад байгууллагад хүргүүлсэн.

 

-Өвөрхангай аймагт ажилгүйдлийн түвшин ямар байдаг вэ. Гэмт хэргийн гаралт нэмэгдэж буй нь ажилгүйдэлтэй шууд холбоотой гэж судлаачид дүгнэсэн байсан.

 

-Ажилгүйдэл бол анхаарах асуудал болсон. Энэ чиглэлээр ажилладаг тусгай чиг үүрэгтэй байгууллага байна. Гэхдээ

ажилгүйдэл, архидалтын сөрөг нөлөө байсаар байна. Манай байгууллага ч ажилд зуучлах байлдлаар хамтарч ажиллахыг боддог.

-Арвайхээрт гудамж, талбайд сайн дурын эргүүл ажиллуулдаг гэсэн. Энэ хэр үр дүн өгсөн бэ?

 

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд байгууллага, аж ахуй нэгжүүд үүрэг хүлээсэн байдаг. Үүний хүрээнд Арвайхээр сумын ИТХ-ын  тогтоол гаргуулж, аж ахуй нэгж бүрээс улиралд 20 мянган төгрөг төвлөрүүлж сан үүсгэсэн. Идэвхтэн эргүүл гаргаж, тэр сангаасаа эргүүлүүдээ урамшуулж ажиллуулдаг. Энэ нэлээн жишиг болохуйц ажил болсон шүү. Гудамж, талбайд үйлдэгдсэн хэрэг, зөрчил 21 хувиар буурсан гэсэн судалгаа гарсан. Энэ эргүүлийн үр дүн байж таарна.

 

-Алба хаагчдынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаарч байна.

 

- Би 2012 оны 10 дугаар сараас томилогдон ажиллаж байна. 2015 онд алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх чиглэлээр барилгын компанитай гэрээ хийж, газрыг нь шийдэн өгч орон сууц ашиглалтад орсон. Ингэснээр 20 алба хаагч орон сууцанд орсон. Мөн туслах аж ахуй, малтай болохоор ажиллаж байна. Алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаардаг. Ар талын асуудал нь бага байж л алба хаагчид урам зоригтой ажиллана шүү дээ.   

 

-Танайх сэтгэлзүйчтэй юу?

 

-Байдаг. Алба хаагчдыг сэтгэлзүйн хямралд орох, стрессээс хамгаалах зорилготой. Газрын албад цагийн хуваарийн дагуу сэтгэлзүйчтэй уулзаж, сэтгэл зүйн зөвлөгөө авах, тулгарсан хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдэхээр хамтарч ажилладаг.

 

-Төгсгөлд нь танаас нэг зүйл тайлбар авах хэрэгтэй гэж бодож байна. Олон хэвлэлээр цацагдсан МСҮТ-ийн оюутан нас барсан хэрэг. Энэ хэрэг цагдаа буруутай гэсэн ойлголт олон нийтэд бий болсон.

 

-Зарим сайтаар цагдаагийн алба хаагчид хүүхэд зодсон мэтээр гарч байна. Нас барсан хүүхдийн ар гэрээс хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж байгаа юм билээ. Гэхдээ хэвлэлд гараад, бичээд байгаа шиг асуудал болоогүй. Талийгаач цагдаагийн гаүарт ирээд нэг цаг орчим болоод гарч явсан. Орой нь эмнэлэгт хүргэгдэж, нас барсан явдал болсон. Эд зүйлээ дээрэмдүүлсэн хүүхдийн аав цагдаагийн газар авчирсан. Тэрнээсээ өмнө талийгаачийг зодсон гэдгийг харсан хүмүүс байдаг. Талийгаач цагдаагийн газар ирэхдээ бүрэн камертай өрөөнд орж ирээд, зогсож байгаад гараад явсан нь бичигдсэн байгаа. Энэ хэрэгт цагдаагийн алба хаагч холбогдоогүй, буруугүй гэдгийг баттай хэлж чадах байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCHIN:
Chi yu be 202.70.36.86 tsagdaa yaahleeree buruutai bolchdgiin
2016-02-15
Зочин:
Сайдаас нь эхлээд цагдааг гутаасан зүйл сүүлийн жилүүдэд их гарсан. Түүнээс улбаалан юм бол цагдааг муулж байж сэтгэл ахмаж авдаг бүхэл бүтэн давхрага бий болсон.
2016-02-03
зочин:
өөрөө баталж байгаа бол буруутай л гэсэн үг. тэгээд гэм бурууг нь цагдаагийн дарга биш прокурор, шүүх тогтоодог байхаа. овоо гар юм буруугүйг тогтоодог
2016-02-03