Иргэн Г.Цэрэнбат гомдолгүй гэв
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Гэвч энэхүү дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд хохирсон тухай мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны иргэн Г.Цэрэнбат, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Ж.Туул нарын газрыг, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Жиди” ХХК, “Бэрэн девелопмент” групп хүчээр чөлөөлүүлсэн тухай мэдээлэл гараад буй. Тус компанийн төлөөллүүд эрх нь ноцтой зөрчигдсөн гэх иргэдийн эл мэдээлэлд хариу тайлбар өгөхөөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны Баянголын 46-2 тоотод оршин суугч Г.Цэрэнбат нь 2013 оны аравдугаар сард “Жиди” ХХК-тай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулж газраа чөлөөлсөн байна. Гэвч өнгөрсөн 2 жилийн хугацаанд амьдрах газаргүй болж, гудамжинд гарснаас болж 2 хүүхэд нь нас барсан зэргээр түүний амьдрах эрх ноцтой зөрчигдөж байгаа талаар нэр бүхий зарим сайтууд мушгин гуйвуулж нийтэлсэн гэж түүний охин Ц.Дэлхийцэцэг тайлбарлалаа. Мөн хоёр хүүхдээ өвчний улмаас дараалан алдсан тул сэтгэл санааны өөрчлөлтөд орсноос буруу ташаа мэдээлэл өгсөн байна хэмээн уучлалт хүсэв.
Харин “Жиди” ХХК-ийн төслийн удирдагч Г.Төмөрбат “Иргэн Г.Цэрэнбатын газар, төслийн эхний ээлжийн барилга угсралтын талбайд ороогүй тул бидний зүгээс газар чөлөөлөхийг шаардаагүй. Мөн орон сууц ашиглалтад орох хүртэл хашаа байшиндаа амьдрах бүрэн боломжтой гэсэн. Компанийн зүгээс цахилгааныг таслаагүй, үүд хаалгыг нь таглаагүй” гэлээ.
Хурлын төгсгөлд иргэн Г.Цэрэнбат өөрийн биеэр ирсэн байв. Тэрбээр “Нийтийн эрхийг хамгаалах хороо”-ны байран дээр тодорхой бус сайтын сэтгүүлч ярилцлага авсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөс биолж би гэр оронгүй гудамжинд гарсан, тог цахилгаан тасалсан гэх зүйл огт яриагүй. Тиймээс энэ бол худал мэдээлэл. Миний зүгээс “Жиди” ХХК-д ямар ч гомдол байхгүй” гэв.
Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Барилгачдын 4-96 тоотод оршин суугч Ж.Туулын газрыг төсөл хэрэгжүүлэгч “Бэрэн лэнд девелопмент” ХХК бага үнээр үнэлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хүчээр газар чөлөөлөхийг шаардсан тухай мэдээлэл гараад буй. Үүнд төсөл хэрэгжүүлэгч компанийн захирал Ц.Батбаяр тайлбар өгөв. Тэрбээр “Иргэн Ж.Туул тус газрын хууль ёсны өмчлөгч биш. Тиймээс тус газрын хууль ёсны өмчлөгч Ч.Цэцэгмаа, Ц.Одон, Ц.Мария нартай худалдах, худалдан авах гэрээг 2011 онд байгуулж, бичиг баримтуудыг албан ёсоор компанийн нэр дээр авсан” хэмээв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ