Хуульчид УИХ-д уриалга гаргажээ

УИХ-аар ҮХЦ-ийн даргыг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан нэр бүхий хуульчид УИХ-ын гишүүдэд хандан уриалга гаргажээ. Уг урилгад “Улсын Их Хурлаас Монгол Улсын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-ийг зөрчиж Үндсэн хуулийн цэцийн дарга, нэр бүхий гишүүдийг хууль бусаар эгүүлэн татах гэж буйтай холбогдуулан Хуульчид бидний зүгээс энэхүү уриалгыг УИХ-ын эрхэм гишүүн Танаа сонордуулж байна.
Үндсэн хуулийг баталсан 1992 оноос эдүгээг хүртэл УИХ болон Цэц хоорондын харилцаанд үл ойлголцол гарч байсан хэдий ч тухай бүр Үндсэн хууль, бусад хуулийн дагуу шийдвэрлэгдсээр ирсэн. Учир нь Үндсэн хуулиар эдгээр байгууллагуудын эрх хэмжээг тодорхой зааж өгсөн бөгөөд үүнийг нэг мөр ойлгохуйцаар зохицуулсан юм. Гэтэл Цэцийг институци гэдгээр нь бус ямарваа нэг хувь хүн гэж харах, түүнд улс төрийн ашиг сонирхлоор хандах нь үндсэн хуулийн үзэл баримтлалыг ноцтой зөрчинө.
Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн “манаач”, түүнийг чандлан сахиулах баталгаа юм. Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхээ хэрэгүүлэх баталгаа нь гагцхүү Үндсэн хууль билээ. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн эрх зүйн байдлыг тогтоосон Үндсэн хуулийн заалтуудыг өргөтгөсөн нэмэлтийг ердийн хуулиар оруулж үүнээ үндэслэн гишүүдийг эгүүлэн татах гэж байгаа нь Үндсэн хуульчлагдсан институцийг буюу төрийн эрхийг хууль бусаар булаан авах гэмт хэргийн шинжтэй, төр ба ард түмний хоорондын дээд “гэрээ”-г цуцалж дарангуйлал тогтоох гэсэн ноцтой үйлдэл гэж бид үзэж байна.
Цэцийн шийдвэр УИХ-ын таалалд нийцэх ѐсгүй, албагүй. Гэтэл Цэц хараат бус байдлаар ажиллаж УИХ-ын Үндсэн хууль зөрчиж баталсан шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул энэ институцийг улстөрийн байгууллага болгохоор санаархаж байгааг хэрхэвч зөвтгөх аргагүй юм.
Иймийн тул Цэцийн шийдвэр гараагүй байхад Улсын Дээд шүүхийн саналыг зохих ѐсоор авалгүйгээр, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг эгүүлэн татах хууль бус шийдвэрийг бүү гаргаач хэмээн УРИАЛЖ байна” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ