Хүннүгийн үеийн төмөрлөг зуух олджээ

ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал агсан, нэрт археологич, академич Д.Доржийн мэндэлсний 80 жилийн ой энэ онд тохиож байна. Ойд зориулсан “Монгол археологи” эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 4-нд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнд зохион байгуулсан.
2015 онд археологийн салбарын судлаач, эрдэмтэд гадаадын есөн улсын археологчидтой хамтран 15 аймгийн 33 сумын нутагт судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд 100 орчим дурсгалыг малтан судалж, 1000 гаруй олдворыг илрүүлсэн байна.
Тухайлбал, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байрлах Их Монгол Улсын анхны нийслэл болох Аваргын балгаснаас төмөрлөг хайлуулдаг зуух нээн олжээ. Энэ нь Хүннүгийн үеийн олдвор болохыг тогтоосон байна. Мөн Өндөр гэгээн Занабазарын хийцийн 3,000 орчим шавар бурхан, 17 дугаар зууны Монгол цэргийн бүрэн хэрэгсэл зэрэг тухайн үеийн Монголын түүхийг хадгалсан олон эд өлгийн зүйлийг олжээ. Энэхүү судалгааны үр дүнд Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Сарьдагийн хийдийг Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон байсан гэдгийг нотлоод байгаа ажээ. Тус газарт Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуунаар ахлуулсан баг гурван сарын турш ажилласан байна.
Одоогоор олдворуудыг Түүх Археологийн хүрээлэнд хадгалж сэргээн засварлах ажил хийгдэж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сард үзэсгэлэн гарган олон нийтэд танилцуулах аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ