Зуд болно гэж дэмий муу ёрлож байна

XYII жарны “Нүүр муут” хэмээх Гал бичин жилийн сар шинийн баярын өдрүүд үргэлжилж байна. Энэ жилийн өнгө, нурууг зурхайчид олон янзаар тооцоолж зурсан. Ард олон амгаланч хаад түшмэл өөр зуураа хямралдана, эд малын гарлагагүй, залууст ээлтэй тухай тэд хэлж байгаа. Харин олон нийт Бичин жилд зуд болох эсэхэд хамгийн ихээр анхаарал хандуулж, тодорхой хариулт хүлээж буй. Мөн энэ жилд найр хийхийг цээрлэдэг гэдэг. Дээрх хоёр асуултад хариулт хайж Гандантэгчинлэн хийдийн зарим зурхайчтай уулзлаа. Тэд ийн хариулж байна.
Гандантэгчинлэн хийдийн Жүд дацангийн хамба лам Н.Бизьяа
-Бичин жилд зуд болох уу?
-Зурхайчид янз бүрээр л ярьж байна. Гэвч ерөнхий төлөвөөрөө нийт Монголчуудад ээлтэй жил гарна. Шороон үхрийн шинжээр авч үзэх юм бол үхэр хариулаач нь хүүхэд байгаа учраас хүүхэд, нялхас, залууст ивээлтэй. Өтгөст хичээлтэй. Хавар цагтаа хур тунадас орох боловч гандамтгай, өвс ногоо алаг цоог ургах төлөвтэй байна. Харин зуны цагтаа их нар гарч, газар тариалан гандх хандлагатай байгаа учраас онцгой анхаарууштай.Хэчнээн өвс ногоо муутай гандуухан жил болох төлөвтэй байгаа ч айл өрх бүр өөрсдийн бэлтгэлээ сайн хангаж, байгаль дэлхийтэйгээ зөөлөн харьцах аваас зуд болно гэсэн зурхайн буулт байхгүй.Морилон ирж буй гал бичин жилийг эд малын гарзгүй гэж сударт тодорхой заасан байна шүү дээ. Тэгэхээр айхтар хатуу жил болж, зуд нүүрлэхгүй. Ер нь зуд болно, төсөв багадаж, эдийн засаг хямарч ядуурна гэж хий дэмиймуу ёрлоод байгаа болохоос биш тийм зүйл болох зүйл алга. Хүн бүр өөрөө хичээх нь зүйтэй. Улс орон, төрийг барьж буй хүмүүс шуналын сэтгэлийг огоорч, ард түмэн, нийтийн төлөөх сэтгэлээр ажиллавал аль ч жил сайхан л гарна.
Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатар
-Бич жилд хурим найр хийхийг цээрлэдэг гэдэг?
-Бич жилд бэр гуйж, хурим найр хийж болохгүй гэсэн ойлголт байхгүй. Харин бэр болж байгаа бүсгүйн нас, жилээс хамаараад хурим найр хийхийг цээрлэдэг жил гэж бий. Үүнийг буруугаар ойлгож бич жилд хурим найр хийдэггүй гэсэн буруу ойлголт бий болсон байх. Тэгэхээр “Нүүр муут” хэмээх “Гал бичин” жилд 1987 онд төрсөн бич, 1991 онд төрсөн хонь, 1992 онд төрсөн бич жилтэй бүсгүй хүн хурим найр хийх цээртэй.
Хулгана жилтэй бүсгүй хүн 17, 18, 26, 27 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй.
Үхэр жилтэй бүсгүй хүн 16, 18 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй.
Бар жилтэй бүсгүй хүн 17, 22, 26, 30, 36 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй.
Туулай жилтэй бүсгүй хүн 16, 26, 30 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй. Туулай жилтэй бүсгүй хүн энэ жил хий насаараа 30 настай. Тиймээс хурим найр хийхийг цээрлэнэ.
Луу жилтэй бүсгүй хүн 17, 19, 22, 28 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй.
Могой жилтэй бүсгүй хүн 20, 24, 28 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй.
Морь жилтэй бүсгүй хүн 15, 17, 22, 29 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй.
Хонь жилтэй бүсгүй хүн 16, 22, 26, 36 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй. 1991 онд төрсөн хонь жилтэй бүсгүй энэ жил хий насаараа 26-тай учраас хурим найр хийхийг цээрлэнэ.
Бич жилтэй бүсгүй хүн 15, 19, 21, 22, 25 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй. 1992 онд төрсөн бич жилтэй бүсгүйн 25-ны жил орж байгаа юм байна. Тиймээс хурим найр хийхийг цээрлэнэ.
Тахиа жилтэй бүсгүй хүн 17, 22 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй.
Нохой жилтэй бүсгүй хүн 17, 20, 21 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй.
Гахай жилтэй бүсгүй хүн 23, 32 насандаа /хий насаар/ хурим найр хийж болдоггүй.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ