Орон нутгийн төсвийг өөрчлөх үү

img

Орон нутагт төсөв, санхүүгийн эрх мэдэл дутагдаж байна гэх гомдол аймаг, нийслэл, тэр байтугай сум дүүрэг, багийн удирдлагуудын амнаас унахаа болиод удаж байна. Учир нь  УИХ-аас төсвийн төвлөрлийг сааруулах, иргэдийн оролцоог дэмжих шинэ үзэл баримтлалын дагуу хийгдэж, орон нутагт төсвийн эрх мэдлийг бодитойгоор олгохоор  Төсвийн тухай хуулийг 2011 онд баталсан.  Орон нутгийн хөгжлийн сангийн талаар төр, Засгийн газраас явуулж буй бодлого нь төсөв, санхүүжилтийн гачаалаас хамааран орон нутагт олон жил шийдвэрлэж чадалгүй хуримтлагдсан бэрхшээл, хүндрэлийг даван туулахад ихээхэн дэмжлэг болж байгааг орон нутгийн удирдлагууд, ард  иргэд байнга онцолдог болсон билээ.

 

Тухайн Иргэдийн хурал ирэх оны төсвөө батлахдаа иргэдийнхээ саналыг сонсож, олонхиороо хэлэлцдэг. Тиймээс иргэдийн оролцоо, ирц ч өмнөхөөсөө илүү нэмэгдэж, идэвхижсэн гэдгийг Иргэдийн хурлын төлөөлөгчид онцолдог.

 

Засгийн газраас баталсан Орон нутгийн хөгжлийн санг байгуулах журамд орон нутгийн хөгжлийн индекс 25 хувь, хүн амын тоо 25 хувь, хүн амын нягтрал, алслалт, нутаг дэвсгэрийн хэмжээ 25 хувь, орон нутгийн татварын идэвх санаачилга 25 хувь хэмээн бүх үзүүлэлтийн нөлөөллийг адил байхаар тэгшитгэн тогтоосон. Энэ нь ихээхэн зөрчил дагуулдаг байна. Үүнээс гадна 2015 оны улсын төсөвт Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн төсөв нийтдээ 126 тэрбум төгрөгөөр туссан нь өмнөх жилүүдийнхээс даруй 30-40 хувь буурч, 70 орчим тэрбум төгрөгөөр багасчээ. Энэ нь орон нутгийн дунд хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлт болон тогтвортой хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа аж. 

 

Үүнтэй холбогдуулан намрын чуулган завсарлахын өмнө Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачлан өргөн барьжээ.

 

Төсвийн тухай хуулийн төслийг боловсруулах явцад загварчилсан шилжүүлгийн томьёог тооцохдоо Орон нутгийн төсвийн шинэтгэлийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгээс тухайн орон нутгийн хүн амын тооноос хамаарах индекс 60-70 хувь, нутаг дэвсгэрийн хэмжээ, алслалтын байдлаас хамаарах нь хамтдаа 10 хувь, орон нутгийн татварын идэвх санаачилгаас 30-20 хувь нь хамаарсан байдлаар хялбар, энгийн, бодит үзүүлэлтүүдээр тооцож хуваарилах саналыг гаргажээ. Холбогдох тооцоо, судалгаануудыг Сангийн яаманд хүргүүлсэн байна.

 

Ийнхүү Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас тухайн жил орон нутгийн төсөвт олгох шилжүүлгийг тодорхойлох зарим итгэлцүүрийн хувь хэмжээг хуулиар хатуу заан өгч, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, санхүүжилтийн нэгэнт хүрсэн түвшинг тогтвортой байлгахаар зохицуулсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулсан байна.

 

Энэ оны төсөвт тодотгол хийх шаардлагатай гэж улстөрчид үздэг. Хэрвээ хаврын чуулганаар тодотголыг хийвэл шинээр бүрдсэн парламент дахин хэлэлцэж тодотгол хийнэ. Ингэснээр жилд төсөвтөө гурвантаа тодотгол хийдэг болох нь  гэж шүүмжлэх хэсэг бий. Гэхдээ энэ удаад цаг үеийн зайлшгүй шаардлага үүсвэл Засгийн газар төсвөө тодотгон УИХ-д өргөн барихаас аргагүй.

 

Ирэх хавар, сонгуулиас өмнө Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт шийдвэрлэгдэж, Гацууртын ордыг хөрөнгө оруулалтын урсгал наашаа чиглэвэл Засгийн газар төсвийг тодотгол шаардлагатай тулна. Харин шинэ парламент хэрхэн бүрдэхээс шалтгаан энэ оны төсвийг тодотгох эсэх хамаарах биз.

 

Эдүгээ УИХ-ын намрын чуулган завсарласан хэдий ч Сар шинийн дараахан ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаа УИХ-ын дарга мэдэгдсэн. Гэхдээ Ерөнхийлөгчийн барьсан хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байх гэж ажиглагчид үзэж байна лээ. Магадгүй 70 тэрбумаар төсвийг нь танаж, хэмнэлтийн бодлого барьсан байхыг үгүйсгэхгүй ч сургууль, цэцэрлэгийн засвар, шинээр барих зэрэг нэн шаардлагатай нөхцөл үүсвэл орон нутгийн төсвийг ч нэмэгдүүлэх байх.

 

Н.Энх

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-02-11