Балгасны улаан нуураа өгчихөөд балга усгүй яах юм бол
Өвлийн наран үүлэн цаанаас уйтайхан цухайх нь говь нутгийн өвлийн өглөө. Өлчир улаан нартайгаа адилхан говийн ард түмэн халуун зунд хөлс дуслуулдаггүй, жавар хургасан өвөлд ч даарч бэргэдэггүй уужуу тайван зан шигээ өлчир хүмүүс. “Байсхийгээд л тасарчихдаг дулааны цахилгаан станцтайгаа эвлэрч чаддаг та нар хэддүгээр зуунд амьдраад байнаа” хэмээн хаяа залгаа аймгийнхан гайхах.
Газар доорх баялгийг тань хуу хамаад та нар хоосон нүх сахиад үлдэх нээ гэж говийнхны өмнөөс зарим нь санаа зовинох. Говийнхон тэр бүрт дуугарч элдэв долоон шалтаг тоочсонгүй. Төрийнхөө сүлдэнд залбирч, төрдөө итгэж сурсан говийнхон бүх л зүйлд тайван суусан. Харин говийн ард иргэдийг ирээдүйд тэтгэх амин эрдэнэ Балгасны улаан нуураа уул уурхайд ашиглуулах дээр санал нийлэхгүй нээ. Говь нутагт цөлжилт цагтай өрсөн байгаа энэ хүнд үед бид яаж ногоон байгууламж байгуулан нутаг орноо авч үлдэх вэ хэмээн тархиа гашилгаж суутал ирээдүйд гол зогоох цэнгэг нуурыг нь үйлдвэрлэлийн чиглэлээр ашиглана гэсэн үг аянга мэт буух нь яахан таатай сонсогдох билээ. Мянган сайхан барилга байгууламж байгаад уух усгүй бол бид яаж амь зуухав дээ.
Говь нутгаа ойжуулах, ногоон бүс байгуулж цөлжилтийг зогсоох талаар олон жил ажиллаж байгаа Их говийн төгөл ХХК-ийн захирал Чисрэнгийн Одсүрэн Балгасны улаан нуурыг ашиглах тал дээр ийн ярьж байна. “Балгасны улаан нуурыг ашиглахаар бол маш их сөрөг үр дагавар гарна гэдгийг хэлэх байна. Гүний усны нөөц нь хэзээ ч нөхөн төлжих боломжгүй зүйл байдаг.
За нөхөн төлжлөө гэж бодоход хэдэн зуун жилийн дараа нөхөгдөх боломжтой байдаг учраас сэлбэгдэх нөөцийг нь судлахгүйгээр үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нь зохисгүй юм. Дээр нь олон булаг шанд байгаа хөдөөгийн иргэдийн авч хэрэглэдэг энгийн уурхайн худгууд ширгэх аюултай. Мөн тус нуурын ай сав орчимд байгаа ургамал устаж үгүй болох магадлалтай. Энэ бол эхний шатны үзэгдэл ийм байна гэж бодох хэрэгтэй шүү дээ. Харин дараа нь ямар таахын аргагүй сөрөг өөрчлөлт гарч ирэхийг бид хэлж мэдэхгүй. Хамгийн гол нь Өмнөговьчуудын цэвэр усны нөөцөд ямар их хор уршиг учирах нь ойлгомжтой. Тэгэхлээр бид бүгд л санаа зовохоос өөр аргагүй юм” гэлээ.
Говь нутгийнхан цэнгэг нуураа авч үлдэхийн тулд зүгээр суусангүй. Аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тогтоол гарган орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан боловч засгийн газрын шийдвэрийг дээрээс хэрэгжүүлэхийг шаардсаар. Тухайн нуурыг ашигласнаар Балгасны голын орчмын малчин өрхүүдэд төдийгүй Өмнөговь аймагт ямар их хэмжээний хор хөнөөл учрахыг бид таашгүй. Гэхдээ бид уурхайд ус ашиглуулахгүй гэж зүтгээгүй ээ. Энержи ресурс ХХК-д Наймантын хотгор, Оюутолгойд Гашууны хоолойн усыг үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байгаа хэрнээ говь нутгийн ирээдүй болсон хамгийн цэнгэг нуурыг нь авах гэж зүтгэх хэрэггүй мэт. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэж үг байдаг.
Бид өнөөдөр газрын гүн дэх баялаг руугаа хэт улайрахдаа тэнд амьдрагсадыг золигт гаргамааргүйсэн. Уул уурхай хөгжихийн хэрээр үндэсний аюулгүй байдал алдагдаж байгааг бид харсаар суух уу. 2010 оны долоон сарын 26-ны өдрийн Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжинд “Балгасны улаан нуур, Бор хөөврийн говь, баян тоорой, Эхийн гол, Шавдан овоо, Зайрмагтай зэрэг газрын доорхи цэнгэг усны томоохон ордуудыг улсын тусгай хамгаалалтанд авах талаар саналыг боловсруулж УИХ-д засгийн газарт хүргүүлсэн байх юм. Гэтэл найман сард нь Балгасны улаан нуурын хотгорын газрын ордоос 151 л/с /13038 м3/хоног/ хэмжээний усныб нөөцийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ашиглуулах Засгийн газрын тогтоол гарчээ.
Ингээд уншигч олондоо аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Данзанхүүгийн Мядагсүрэнгийн яриаг хүргэж байна. “Өмнөговь аймгийн цэнгэг усны нөөц учраас орон нутгийн тусгай хамгаалалтанд авъя гэсэн шийдвэрийг гаргасан. Хэдийгээр уул уурхай хөгжих нь сайн талтай ч гэлээ усны хүндрэлтэй говь нутагт ундны усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглана гэдэг байж боломгүй асуудал. Тиймээс аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл,Монгол улсын ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлсэн. Мөн бид иргэдийн дуу хоолойг сонсох зорилгоор “Иргэний танхим” байгуулсан. Энэхүү танхимаараа усны талаар ярилцаж “Усны нөөц, ашиглалт, хамгаалалт”-ын талаар А.Жаргалсайхан төлөөлөгчөөр ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Энэ чиглэлээрээ нээлттэй хэлэлцүүлэг хийхээр төлөвлөөд байгаа. Гэсэн хэдий ч манай гүйцэтгэх засаглалд буюу аймаг болон сумын засаг даргад засгийн газраас тогтоол хэрэгжүүл гэсэн шаардлага удаа дараа ирээд байна” гэлээ.
Сүүлийн жилүүдэд Балгасны улаан нуурын орчимд шинээр 14 цооног гаргажээ. Тэрхүү өрөмдлөгийг хийх явцад нутгийн хэд хэдэн булаг шанд 10 гаруй энгийн уурхайн худаг ширгэсэн тухай нутгийн иргэд ярьж байна. Балгасны улаан нуур нь зөвхөн Ханхонгорынхоны эрх ашиг биш Даланзадгад хотын 20 гаруй мянган иргэдийн хувь заяа гэдгийг уулзсан иргэн бүхэн ярьж байгаа юм.
Уул уурхай ашиглаж эхлэхээс ч өмнө монголын говь дэлхийд алдартай байсаан. Үлэг гүрвэлийн өлгий нутаг гэдгээрээ бахараж аялал жуулчлалыг хөгжүүлж ирсэн говь нутгийнхан сүүлийн жилүүдэд уул уурхайн урилгагүй зочидын хөлд дарагдсаар. Орсон гарснаа ундаалж дайлж цайлдаг говийнхон эгэл зангаараа л тэднийг угтсан. Гэхдээ голомтоо манах говийнхон харийн гийчдийг буцахын цагт дагаад нүүхгүй нь л лавтай. Тиймийн учир Балгасны улаан нуур нь бидний хойч ирээдүйнхний амин эрдэнэ гэдгийг мартаж болохгүй юм. Ус гэдэг чандмань эрдэнэ. Усгүй ертөнцөд хичнээн алт эрдэнэс байгаад яахсан билээ.
Д.Мишигсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ